Энхбаяр.Ж 2017.06.07 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Засгийн газраас энэ сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Польш Улсад 2013 онд хийсэн айлчлал болон хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт, яриа хэлэлцээг үндэслэн Польш Улсын Засгийн газраас 50 (тавин) сая еврогийн экспортын зээлийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын “нөхцөлт тусламж” /tied aid/ буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү экспортын зээл нь 50 сая еврогийн хэмжээтэй, жилийн 0,15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5 жил байх аж.

Дээрх зээлийн нөхцөл нь 2014 онд тохиролцсон нөхцөлөөс сайжирсан бөгөөд зээлийн хугацаа 25 жил байсныг 28 жил, төслийн гэрээний  үнийн дүнгийн 95 хувийг санхүүжүүлнэ гэснийг 100 хувь зээлээр санхүүжүүлэхээр тохиролцож хэлэлцээрийн төсөлд тусгасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултад энэ зээлд удирдлагын зардал, зөвлөх үйлчилгээ зэрэг шаардлагууд тавигдаагүй. Харин бараа, үйлчилгээний 60 хувь нь Польшийн гаралтай байх нөхцөлтэй. Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсрол, байгаль орчныг хамгаалах салбарын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцоод байгаа. Энэ чиглэлээр судалгаа тооцоо хийгдэж байгаа, хэлэлцээр соёрхон батлагдсаны дараа Засгийн газар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг нарийвчлан авч үзнэ гэсэн хариулт өгөв.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тус яамны тухайд энэхүү зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалттай бага, дунд оврын техник, тоноглол авах, тэдгээрийг засварлах үйлдвэр байгуулах, Орхон, Улаанбаатарт хөдөө аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн, жимс жимсгэний механикжсан зоорь, бөөний худалдааны төвүүд байгуулах, Ховд аймагт тариалж байгаа чихрийн манжингийн тариалалтыг түшиглэн элсэн чихэр үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх саналаа Сангийн яаманд өгөөд байгааг хэллээ.

Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Энх-Амгалан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.