Энхбаяр.Ж Чойжилсүрэн.Б 2017.06.07 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Төслийн нэмэлт санхүүжилт, Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

Төслийн нэмэлт санхүүжилт, Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газар хоорондын төслийн санхүүжилт болон зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.

Эхлээд Засгийн газраас энэ сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийгхэлэлцлээ. Энэ талаархи хууль  санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011-2017 оны хооронд хэрэгжүүлжээ. Уг төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгаас сонгож авсан 89 сум хамрагдаж, нийтдээ 120 бэлчээрийн малчны бүлэг, 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлсэн байна.

Төслийн эхний үр дүнд үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр төслийг цаашид үргэлжлүүлж бусад аймаг, сумдыг хамруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох 9,06  сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Төслийн нэмэлт санхүүжилт нь нийт 9.06  сая ам.долларын хэмжээтэй, жилийн 1.25 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэлийн хэмжээ нь 0,7 хувь бөгөөд эргэн төлөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.

Энэхүү төсөл нь төсөлд хамрагдсан аймаг, сумдад нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж, ядуурлыг бууруулах үндсэн зорилготойг Сангийн сайд танилцуулгадаа онцоллоо.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд төслийн зориулалт, зарцуулалт, үр өгөөжийг хэрхэн тоооцож төлөвлөж байгаа талаар асуулт асууж тодруулсан юм. Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн гишүүний асуултад өгсөн хариултдаа, одоо хэрэгжээд дуусч байгаа төслийн нэгж дээр үр дүнг нь үнэлж дүгнэн төслийн менежментийг өөрчлөх саналаа Сангийн яаманд хүргүүлсэн. Энэ нь манай салбарын тухайд хамгийн үр дүнтэй, үлдэцтэй сайн төсөл байсан тул цаашид үргэлжлүүлж хэрэгжүүлэх санал тавьж тодорхой хэмжээний санхүүжилт авахаар тохиролцоод байгаа.

Өмнөх төслийг авах үед Байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу өгөөж, үр ашгийг нь дээшлүүлэхэд анхаарч, тодорхой ахиц гаргасан. Нэмүү өртгийн сүлжээ бий болгох, бэлчээрийн менежментийг сайжруулах, эрсдэл даах чадварыг дээшлүүлэхэд анхаарахын зэрэгцээ Засгийн газрын мөрийн хөтөлбөр, яамны бодлогыг хэрэгжүүүлэхтэй төслийг нягт уялдуулна, түүнчлэн түүхий эд бэлтгэлийн уламжлалт тогтолцоог сэргээж бүрдүүлэхэд анхаарахаар төлөвлөж байгаа гэдгийг хэллээ.  

Харин Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, салбарын бодлого нь төсөв санхүүтэйгээ уялдаж нийцдэггүй салангид байдлыг засах, зээлийн хөрөнгийг үр ашигтай, хэрэгжих боломжтой, үлдэцтэй, нэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах талаар Засгийн газар, Сангийн яам, салбарын яамд анхаарч ажиллах, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аюулгүй хүнсээр иргэдээ хангах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх чиглэлд салбарын яам онцгой анхаарч бүтэц, тогтолцоогоо эргэж харах, энэ үүднээс салбараас хийж хэрэгжүүлэх бодлогын асуудлаа цогцоор нь харж Байнгын хороонд оруулах чиглэлийг салбарын сайдад өгөв.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 02-ны өдөр ирүүлсэн уг хуулийн төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импортын банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг  2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Энэхүү зээлийн хэлэлцээр нь 20 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 7 жил байх үндсэн нөхцөлтэй юм.

Өмнө нь Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Засгийн газар, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх нөхцөлтэй байсныг өөрчлөх талаар яриа хэлэлцээ хийсний үр дүнд БНХАУ-ын Засгийн газраас санхүүжүүлэх хэмжээг 95 хувь болгож нэмэгдүүлэхээр талууд тохиролцжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 81 дүгээр захирамжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Чойжилсүрэн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гарын үсэг зурж байгуулсан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, О.Содбилэг, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар Ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэхүү зээлийн дүнг дунд хугацааны төсвийн төсөөлөл болон төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан, мөн өрийн шалгуур үзүүлэлтэд багтаж байгаа. Зээлийн хөрөнгийг улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой зарим томоохон төслүүдийг санхүүжүүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгааг дурдлаа. Мөн өмнөх Засгийн газрын үед байгуулсан хэлэлцээрээр зээлийн нийт санхүүжилтийн 85 хувийг БНХАУ гаргахаар тохирсон байсныг манай талын хүсэлтээр өөрчилж 95 хувь болгосон нь манайхаас гаргах хөрөнгө зардлыг хэмнэж, орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой болсныг хэллээ.     

Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд, Б.Энх-Амгалан нар зээлийн хэрэгжилт удаашралтай, цаг их алдаж байгаад Засгийн газар анхаарах, түүнчлэн зээлийг үр ашигтай, өгөөжтэй, үлдэцтэй, аль болох нэмүү өртөг шингэсэн, ажлын байр бий болгох төсөл, хөтөлбөрт зарцуулах шаардлагатайг хэлж байв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.