Баасанхүү.О 2017.06.08 | Сонин: Зууны мэдээ

О.Баасанхүү: Эрүүгийн хуулиар хар тамхины хэрэгтнүүд бүгд суллагдана

О.Баасанхүү: Эрүүгийн хуулиар хар тамхины хэрэгтнүүд бүгд суллагдана
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Ирэх сарын 1-нээс Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлнэ. Эх орноосоо урвах гэдэг заалтыг хассаныг та эсэргүүцэж байсан, эргээд оруулахаар болсон юм уу?

-Би өмнө нь зөндөө хэлж, шахалт шаардлага тавьж байсан. Ялангуяа өнгөрсөн парламентад Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж, хуульч гишүүд Хууль зүйн байнгын хорооноос гарах мэдэгдэл хийж байсан. Хууль зүйн сайд Эрүүгийн хуулийг сайжруулна гэдэг нэрээр тодорхой заалтуудад өөрчлөлт оруулахдаа харин ч муу болгочихсон. Мууг нь ч сайжруулсангүй. Юуг үндэслэж ингэж дүгнэж байна гэвэл өөрчлөлт оруулах төслөө өргөн бариагүй.

Энэ байдлаас болж ноцтой үр дагавар гардаг учраас би мэдэгдэл хийсэн. Үүний нэг нь эх орноосоо урвах гэдэг заалтыг авчихсан байсан явдал. Гэтэл Тагнуулын ерөнхий газар хүртэл миний эсрэг улстөржсөн мэдэгдэл хийсэн. Би үүнтэй холбогдуулж онц ноцтой байж болох мэдээллийг хэвлэлийнхэнд задална гэж хэлж байсан.

Яагаад гэвэл, хууль зөрчлөө, нууц гэдэг тамгаар халхавч хийж УИХ-ын гишүүн төрийн нууц задрууллаа гэж яривал яриг. Хуулийн заалт өөрөө ноцтой учраас эх орноосоо урвах гэдэг заалтыг Эрүүгийн хуульд заавал оруулах ёстой. Зөвшилцөл, хэлцэл, хэлэлцүүлгийн дүнд гишүүд ойлгож, энэ заалтыг оруулахаар болсон. Шуурхай батлаасай гэж хүсэж байна. Энэ асуудлыг Б.Батзориг, Я.Содбаатар нарын гишүүд өргөн бариад явж байгаа.

-Нийгмийг түгшээж байгаа хар тамхины хэргийг Эрүүгийн хуулиар хэрхэн зүйлчилсэн нь анхаарал татаж байгаа. Та юу гэж үзэж байна?

-Хар тамхины хэрэгт 5-12 жилийн ял ногдуулахаар тавьчихсан байгаа. Энэ хэргийн улмаас шоронд байгаа бүх хүн долдугаар сарын 1-нээс суллагдана. Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчим гэж бий. 12, 15 жилийн ял авсан хүмүүс байлаа гэхэд интервалд ороод шууд доод талын ялын хэмжээг өгнө. Тэр нь таван жил. Тэгэхээр бүгд таван жил болно. Давтан хэрэг хийсэн, онц их хэмжээний хар тамхи зарах гэж байсан гээд шүүхээр орсон бүх хүн эсвэл шүүхээр орох гэж байгаа хүмүүс автоматаар таван жилийн ялтай болно. Гадаад, дотоодоосоо авхуулаад 2-3 жил шоронд ял эдэлсэн бараг 200-гаад хүн бий. Тэр хүмүүс таван жил болонгуут гарна гэсэн үг.

Доод тал нь таван жил гэдэг ийм бодлоготой байгаа. Хэний хүүхэд ийм хэргээр шоронд байгааг олон нийт мэдэж байгаа. Хэний хүүхэд хэрэгт холбогдоод байгааг ч мэдэж байгаа. Тиймээс энэ заалтыг өөрчлөх шаардлагатай. Хуулийн тайлбарт, тохиролцож чадах юм бол ялаас чөлөөлнө гэсэн ойлголт байгаа.

Хамтран хэрэг үйлдсэн хүнээ хэлж өгөх, өөрөөр хэлбэл авчирсан хар тамхиа сайн дураар хүлээлгэж өгөх, ийм утгагүй заалт хуульд байна. Дэлхийд энэ төрлийн ялаас чөлөөлдөг нэг ч жишиг байхгүй. Ардын намынхан шийдэж болдог юмаа гэрлийн хурдаар явуулдаг, хүсэхгүй байгаа зүйлээ хэдэн жилээр ч хойш нь тавьдаг. Тиймээс 65 гишүүнийг хар тамхины хэргийг тодорхой хэмжээгээр шийдэж өгөөч гэж хүсмээр байна. Ер нь бол Эрүүгийн хуульд маш ноцтой олон заалт бий.

-Тухайлбал?

-Хүчингийн хэрэг маш аймшигтай, хэлэхгүй байх арга алга. Энэ хэрэг хоёрхон жилийн ялтай. Онц ноцтой хүчингийн хэрэг үйлдэхэд хоёр жилийн ял ногдуулна. Нямбаатар гишүүн Эрүүгийн хууль дээр тайлбар хийснийг хүмүүс шууд нэвтрүүлгээр харсан байх. 16 жилийн ялтай гэж тайлбарлаад байгаа. Гэтэл доод тал нь таван жил байгаа. Шоронд ял эдэлж байгаа хүмүүст интервал хийж суллахаар болж байна шүү дээ. Дээрээс нь энэ нөхөд хар тамхины асуудлаар хэл амтай байгаа хүүхдүүдээ таван жилээр шийдүүлэх,
эсвэл тохирсон гэж хэлээд гаргах юм байна. Аймшигтай, маш ноцтой хэрэг хийсэн хүмүүс хэзээ мөдгүй гарах нь. Өнөөдөр хүмүүс сонгууль гээд тоохгүй бужигнаж байтал маргааш ийм хууль хэрэгжих гэж байна.

-Өөрчилье гэж та УИХ-ын даргад хандана гэсэн. Юу болсон бэ?

-Би энэ асуудлаар ирэх намраас ажлын хэсэг гаргаач. Хэдийгээр долдугаар сарын 1-нээс хууль хэрэгжиж байгаа ч ажлын хэсэг гаргаж, болохгүй байгаа заалтуудаа улстөржилгүй засаж авъя гэсэн албан бичгийг УИХ-д даргад хүргүүлнэ гэсэн байр суурьтаа хэвээр байгаа. Одоогоор бол ямар ч байсан эхний ээлжид эх орноосоо урвагчдыг алдахгүй болсондоо баяртай байна. Энэ асуудлаас бол Хуульзүйн дэд сайд Б.Энхбаяр намайг ална, хядна гэж зодохыг завдсан.

Зам тээврийн дэд сайд Цогтгэрэл хэл амаар доромжилсон. Асуудлын гол нь бодитой зүйлийг судалж гаргаад ирэхээр амь нас, эрүүл мэнд, нэр төр рүү минь халдаж байна. Төмөр замын асуудал, аудит дээрх зүйлүүд, түүний цаана юу байна гээд олон юм байгаа. Нотлох баримттай, бодит зүйлүүд дээр тэр нөхөд сандарч, тэвдэхээрээ чаддаг нь хүнийг доромжлон гутааж, алж хядна гэж сүрдүүлдэг болж байна. Эцсийн эцэст би үнэний талд байна.

-Эрүүгийн хууль хэрэгжсэнээр хэдэн хүн суллагдана гэсэн судалгаа байгаа юу?

-Хар тамхины хэрэгтэй бүх хүн суллагдана. Тодорхой тоог Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас лавлаарай. Интервал буюу ялын тэгшитгэлээр ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Ялангуяа хүчирхийллийн хэрэг маш ноцтой. Эрүүгийн хуульд хүйсийн ялгавар гаргах гэж байсныг хүйсийн баримжаагаар ялгах гээд оруулчихсан нь “Ижил хүйстнийг хамгаална” гэсэн хамгаалалт болчихсон. Бага насны хөвүүдийг оролддог, бэлгийн дур хүслээ гаж байдлаар хангадаг бузар хүмүүс хаа сайгүй байх юм. Түүнийгээ хуулиар хамгаалаад байна шүү дээ.

-Эрүүгийн хуулиар авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх төрийн бодлого чангарлаа гэж нэг талаас үзэж байгаа.  Дэвшилттэй тал байна уу?

-Авлига, албан тушаалын хэрэг харьцангуй ойлголт. Хүүхдээ ажилд оруулах гээд 300 төгрөг өгөөд, эсвэл хоёр кг чихэр, шил архи авч очоод шоронд орсон хүн бий. Өнөөдөр төрөл садантай хүн төрийн албанд ордог, төрсөн хүүхдийнхээ төлөө санаа тавьсан хүн шоронд ордог болох гээд байна. Төрийн томчууд бол чөлөөлөгдөөд байгаа шүү дээ. Ял шийтгэлтэй хүн төрийн албанд ажиллаж болохгүй гээд байгаа.

Гэтэл төмөр замд л гэхэд ял шийтгэл авсан хэчнээн хүн төрийн албанд ажиллаж байгаа ноцтой мэдээлэл бий. Тэгэхээр хууль сонголттой хэрэглэдгээ болих хэрэгтэй. Хулгайч хүн хулгайчийг бариарай гэдэг шиг авлигын эсрэг, оффшорчидтой тэмцье гэдгийг тэр хүмүүс нь өөрсдөө яриад байна. Тэр хүмүүс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгээ гаргаж тавих ёстой. Гэтэл үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг заалт хуульд байхгүй болчихсон байхад юу шийдэх вэ дээ. Төрийн албаны тухай хууль гэхэд л ганц өгүүлбэр орж ирсэн нь авлигын хэргээр ял эдэлж байсан бол төрийн албанд орохгүй гэсэн хэр нь хүн алсан, хүчин хийсэн, албан тушаалын хэрэгтэй хүн болно гэж байх жишээтэй.

Хууль өөрөө үг, өгүүлбэр, цэг, таслал бүхнээрээ шударга ёсны зарчимд нийцэх ёстой. Иймээс би одоогийн Эрүүгийн хуулийг хэрэгжихэд маш түвэгтэй гэж хэлнэ. Ер нь бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүслийг л биелүүлж байгаа, ийм л хууль. Тэр хүний ярьдаг эрхзүйн шинэчлэл нэрийн дор “СОРОС”-ын хэдэн хүүхдүүдийг авчирч суулгаад мөрөөдөл нь өнөөдөр ийм л шатанд явж байна.

-Прокурорын хуулийн талаар юу хэлэх вэ. Мөн өмгөөлөгч байсан хүний хувьд хуулиар өмгөөлөгчийн эрхийг хэр дээшлүүлсэн гэж үзэж байна? 

Прокурор, өмгөөлөгч, шүүгч гурав нийлж байж шүүх засаглал болдог. Түүнээс шүүгч, прокурор хоёр нийлээд шүүх засаглал болчихдоггүй. Прокурор, өмгөөлөгч хоёр нэг статустай байх ёстой. Нэг байр суурьт байх ёстой. Нэг нь цагаатгах, нөгөө нь яллах. Өнөөдөр прокурорын орон тоо өчнөөнөөр нэмэгдэнэ. Зөрчлийн хууль гэж оруулж ирсэн учраас хяналт тавих прокурорын тоог нэмэхээс аргагүй.

Прокурорын болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг оруулж ирж байгаагийн цаад санаа нь албан тушаалтны тоо, төсвийг л нэмэх гээд байгаа зүйл. Түүнээс тогтолцоо нь, хуучин хууль нь болохгүй байгаадаа биш. Данхайсан төр, данхгар хүчний байгууллагуудын тоо л нэмэгдэнэ. Үүний оронд прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг ажиллуулах нь зүйтэй юм. Ц.Нямдорж үүнийг шаардсан. Би ч шаардаж байгаа. АТГ-ын дарга нарыг хэн шалгадаг юм бэ.

ОХУ, Хятадын жишээг харахад Авлигатай тэмцэх газрынхны авсан мөнгө нь машин машинаар гарч ирж байгаа биз дээ. Тэгэхээр тэднийг хянадаг, шалгадаг байгууллага байх ёстой. Харамсалтай нь энэ заалтыг бас л улстөржөөд унагаачихсан. Үүнийг өөрчлүүлэх шаардлагатай. Хуулиар өмгөөлөгчийн эрх дээшилсэн үү гэдэгт хэлэхэд, дээрдсэн юм байхгүй, харин ч хязгаарлагдсан. Нэг хувцас өмсдөг болж л магадгүй юм байна лээ.