УИХ-ын гишүүн Л.Болд
2017.06.08

Л.Болд: Нэг сэдвээр гурван сонгууль хийлээ шүү дээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.08/ Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Л.Болд асуулт асуулаа. 

Уг асуудлыг хэлэлцэж эхлэхэд УИХ-ын дэд дарга өөрөө асуудлыг улстөржүүлсэн. Миний хувьд энэ асуудлыг огт улстөржүүлээгүй. Бүх ХМХ-ээр УИХ-ын гишүүн Л.Болд “бөөс ярилаа” гэж гарах юм шиг байна. “Бөөс” гэдэг нь юу гэхээр Сүхбаатарын талбайд хэсэг газрыг ухаж сэндийчэж байгаа асуудал. УИХ-ын гишүүний үг хэлэх бүрэн эрхийг хязгаарлаж болохгүй шүү.

Монголбанктай холбоотойгоор маш их гэмт хэрэг ярилаа. Энэ бүхнийг УИХ, аймаг, нийслэл, орон нутгийн сонгуулиар ярилаа. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа энэ үед ч тэр Монголбанктай холбоотой асуудлыг ярьсаар байна. Нэг сэдвээр гурван сонгууль хийлээ шүү дээ. Яагаад бодитоор шалгаж болдоггүй юм бэ? Ярьж байгаа бүх зүйл нь гэмт хэрэг, өмнөх Засгийн газрын алдаа гэнэ.

Та бүхний ярьж байгаагаар бид хүний санаанд оромгүй мөнгийг идсэн бололтой. Монголбанкны удирдлагууд хариуцлага алдлаа гэхэд шууд шалгах эрх мэдэл нь хууль хяналтын байгууллагууд бий гэж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэллээ. Энэ үнэн. 2012-2016 онд АН Засгийн эрх барьж байсан, бид олонх байсан. Намайг Батлан хамгаалахын сайд байсан үеийн асуудлыг сөхөн тавьж, гурван жил шалгасан. Маш хатуу хүнд нөхцөлөөр шалгасан. Тиймээс Хууль зүйн яаманд ямар байдалтай байгаагаа учирлаж, хүсэлт хүртэл тавьж байсан.

Тухайн үед Батлан хамгаалах яам төсөв муутай учраас гадаадын тусламж авч, Энхийг сахиулагчдын ордон барьсан. Мөн орон сууц барихаар 10 тэрбум төгрөг төсөвт суусан байсныг төсөв санхүү хүндэрнэ гэж яаруулсаар байгаад 300 айлын орон сууц бариулсан. Олимпийн медаль хүртсэн тамирчдыг орон сууцаар урамшуулсан.

Энэ бүхнийг албан тушаалаа урвуулан ашигласан байна гэж намайг мөн ч их шалгасан даа. Гэтэл яагаад өнөөдөр Монголбанкинд үүссэн нөхцөл байдлыг шалгахгүй мөртлөө асуудлыг улстөржүүлж, гэмт хэргийн шинжтэй зүйлс ярьсаар байх юм.

Хэзээнээс УИХ-аас тогтоол гаргасны дагуу хууль хяналтын байгууллага шалгадаг болчихсон юм бэ? Хэрэв ийм жишиг тогтвол үүнээс хойш УИХ-ын тогтоол гараагүй учраас энэ асуудлыг шалгаагүй гэсэн тайлбар өгөх нь байна шүү дээ. Зөвхөн УИХ-аас тогтоол гарч байж л гэмт хэргийг шалгадаг болох уу?

60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэг. Уг бичлэгт гэмт хэргийн шинжтэй маш олон зүйл ярьсан байгаа юм. Би энд намын дотоод зөрчлийг яриагүй. Тэгвэл яагаад энэ асуудлыг шалгахгүй байгаа юм бэ? Энэ улсад хууль ёс гэж алга уу? Явж явж яагаад Монголбанктай холбоотой асуудлыг шалгахгүй байгаа юм бэ гэвэл МАН-ын өөрсдөө энэ зээлийг авсан.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

УИХ-аас Монголбанкны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилж, тус банкны үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Монголбанк үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг, хариуцдаг. Гэтэл уг банкинд шалгалт хийсний үндсэн дээр тодорхой хүмүүст хариуцлага тооцох тухай ярихаар бүү нэр заа гэх юм. Албан тушаалд томилох болохоороо нэрийг зааж болдог.

Гэтэл энэ хүнд хариуцлага тооцох болохоороо нэрийг нь зааж болдоггүй зарчим үйлчлээд байна. УИХ хяналт тавих эрхийнхээ хүрээнд уг банкинд шалгалт оруулсан. Шалгалтын явцад ноцтой асуудал илэрсэн. Энэ хүрээнд томилсон этгээддээ хариуцлага тооцох асуудлыг яагаад гаргаж тавьж болохгүй гэж?

Тиймээс өнөөдөр зөвхөн Н.Золжаргалын асуудлыг ярьж байна гэж ойлгож болохгүй. Энэ бол одоогийн Монголбанкны удирдлагуудыг хариуцлагажуулах маш том алхам. Цаашид ч ажил авах хүмүүсийг хариуцлагажуулж байна. Гэм буруутай үйлдэл хийсэн бол хариуцлага хүлээдэг юм гэдгийг Монголын төр харуулах ёстой. Төрийн өндөр албан тушаалтан хэн боловч хууль зөрчиж болохгүй гэдгийг анхааруулж байгаа юм.