Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2017.06.08

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.


Анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон төслийн хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хэлэлцээд, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хийсэн. Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2017 оны 05 дугаар сарын 11-нд хүчингүй болсон тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8-д заасны дагуу хэрэгжих боломжгүй гэж үзэж төсөл санаачлагчид нь буцаах саналыг ажлын хэсэг гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн болно гэж дурдав.

Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт төслийн нэр болон төсөл дэх “мал” гэсэн тодорхойлолтыг өөрчилж, төсөлд “амьтан” гэсэн тодорхойлолт нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг төслийн нэрийг одоо байгаа нэрээр өөрчилж, төсөлд байгаа “ген”, “генетик”,“геном” гэсэн гадаад нэр томъёог “удам”, “удамшил”, “удмын сан" гэсэн тохирох монгол үгээр орлуулах санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал аваагүй  гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав танилцуулгадаа онцлов.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.  Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Г. Мөнхцэцэг, Л.Мөнхбаатар нар Малын генетик нөөц гэсэн хуулийн төслийн нэр томъёог орчуулж хэрэглэх талаар онцгойлон анхааруулж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва “Генетик гэдгийг  ухаж мэдэх малчин хэд байгааг бодмоор байна. Монголчууд эртнээс ген гэдгийг малын удам, угшил гэж ярьж ирсэн. Нөөц гэдгийг сан гэдэг утгаар хэрэглэж болно. Энэ хууль малчдад зориулж байгаа гэдгийг анхаарах шаардлагатай. Тиймээс хуулийн нэр томъёог орчуулах нь зүйтэй” гэсэн саналыг хэлж байлаа.


Харин Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хариултдаа “Удмын сан гэдэг бол малын генетик нөөцийн асуудлын зөвхөн нэг хэсэг нь. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээнд нийцүүлэн мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүн, тэдгээрт хамааралтай уламжлалт мэдлэгийн талаарх ойлголтыг нэгтгэн “малын генетик нөөц” гэж томъёолсон” гэдгийг онцлов.

Дараа нь Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явууллаа. Ажлын хэсгээс төслийн 5 дугаар зүйлд “Малыг хувийн үл давтах дугаараар ялган тэмдэглэж бүртгэнэ”, Малд хөрөнгийн үнэлгээ хийлгэх, тусгай зөвшөөрөл олгох, зээл авах, даатгалд хамруулах, худалдах, дэмжлэг урамшуулал олгоход энэ хуулийн 5.1.1-д заасан бүртгэлийг үндэслэнэ” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжих нь зүйтэй гэж үзсэн.

Түүнчлэн төслийн  8 дугаар зүйлд “энэ хуулийн 13.2-т заасан бүс нутагт зөвшөөрөгдсөн малын төрөл, үүлдэр, омгоос хээлтүүлэгч сонгож үржилд ашиглах”, “бэлчээр, ус, хужир марааг зөв зохистой ашиглах”, “Малыг өсгөн үржүүлж, зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлж, стандартын шаардлага хангасан мал аж ахуйн үйлдвэрлэл явуулж, малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч байна”, “Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийг бүртгэх, баталгаажуулах, эрх олгох журмыг малын генетик нөөцийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална”, “Энэ хуулийн 8.7-д заасан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч нь мал, түүнээс үйлдвэрлэсэн түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах, эдийн засгийн бусад харилцаанд оролцох явцад тамга, тэмдэг, гэрчилгээ ашиглана” гэсэн хэсгүүдийг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.

Мөн төслийн 10.8 дахь хэсэгт “Малын ашиг шимийг нэмэгдүүлсэн, үүлдэр, омог бий болгосон нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан бол мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ эрхлэгчийг урамшуулж болно”, төслийн 11 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Бүс нутгийн онцлог, малын төрөл тоо, хэмжээг харгалзан, энэ зүйлийн 11.2-т заасан нэгжийн үйлчилгээнд хамрагдах малын жишиг тоог малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн зариргааны төв байгууллага тогтоож, нэгжийн үйл ажиллагаанд бодлого, зохицуулалтын дэмжлэг үзүүлнэ” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжив. Түүнчлэн төсөлд “Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана”, гэсэн санал ч хуралдаанд оролцсон гишүүдийн 70.0 хувь нь  дэмжив.

Харин Ажлын хэсгээс гаргасан төслийн 16 дугаар зүйлд  “Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт малын үржил селекци, үйлдвэрлэлийн технологи хариуцсан мал зүйч, малын бүртгэл мэдээлэл, бүтээгдэхүүний чанарын үнэлгээ хариуцсан мал зүйч ажиллана” гэсэн хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувь нь дэмжсэнгүй. Мөн Ажлын хэсгээс төсөлд мал зүйч мэргэжилтний нийгмийн баталгааг хангахад чиглэсэн 19 дүгээр зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй.

Үүний дараа Байнгын хорооны дэмжээгүй саналаар санал хураалт явуулахад  Улсын Их Хурлын гишүүн М.Билэгтийн гаргасан саналууд хуралдаанд оролцсон  гишүүдий олонхийн дэмжлэг авав. Тухайлбал, “Хуулийн төслийн нэрийг “Мал, амьтны удмын сангийн тухай” гэж өөрчлөх, төслийн 4 дүгээр зүйлд ”мал” гэж монголчуудын уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүд олонхи дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Ингээд Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.