Бат-эрдэнэ.Ж 2017.06.09 | УИХ-ын гишүүний Ажлын алба

Булганчууд В,С вирус тоолох шинжилгээг аймагтаа хийх боломжтой боллоо

Булганчууд В,С вирус тоолох шинжилгээг аймагтаа хийх боломжтой боллоо

УИХ-ын гишүүн, “Булган нэг үе” ТББ-ын тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, гүйцэтгэх захирал Ариунбилэг, УЗ-ийн гишүүн, Хавдар судлалын үндэсний төвийн их эмч Эрдэнэ-Булган нарын санаачилгаар “Хавдаргүй Булган” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

Тус хөтөлбөрөөр элэгний хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсрол олгох жил болгон энэ оны 5-р сарын 6-наас 18-ны хооронд Булган аймгийн 16 сум, аймгийн төвийн 6 багт 25-аас дээш насны иргэдийг хамруулан элэгний хавдрын болон В,С вирүс илрүүлэх шинжилгээг 12000 иргэнд хүргэж судалгаа авч зөвлөгөө мэдээлэл хүргэсэн байна.

Өчигдөр “Хавдаргүй Булган” хөтөлбөрийн 2017 оны ажлын тайланг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт тайлагнаж төслийн үр дүнг өргөн барилаа. ЭМ-ийн сайд “Хавдаргүй Булган” хөтөлбөрт САЙН үнэлгээ өгч, өөрсдөө санаачлан хөрөнгө мөнгөө гаргаж, сэтгэл зүтгэлээ зориулан хэрэгжүүлсэн тус хөтөлбөр бусдад аймгуудад үлгэр болох жишиг хөтөлбөр болсныг дурдан амжилт хүслээ. 

Тэрээр аймаг орон нутаг хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган ажилласанд талархан Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт вирус тоолох аппарат, түргэн тусламжийн автомашин, багийн эмч нарт мотоцикл, рентген аппарат, дурангийн аппарат, мобайл оношилгооны  иж бүрдэл зэргийг өгөхөөр шийдвэрлэн “БАТЛАМЖ”-ыг УИХ-ийн гишүүн, “Булган нэг үе” ТББ-ын тэргүүн Ж.Бат-Эрдэнэд гардууллаа.

Ингэснээр Хавдаргүй Булган хөтөлбөрөөр оношлогдсон В,С вирүстэй иргэдийн тоолох шинжилгээг Булган аймагтаа хийх бүрэн бололцоо нээгдэж байгаа юм.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд болон, аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, мөн нутгийн зарим бизнесийн байгууллагууд дэмжлэг үзүүлж хамтран ажиллажээ.