УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
2017.06.09

Ц.Цогзолмаа: Тусгай хэрэгцээт сургуулиудын асуудлыг нэн яаралтай шийдэж өгөөч

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай саналыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэд хэдэн санал хэллээ.

Салбарынхаа нөхцөл байдлын үнэлгээг эрдэмтэн хүний хувиар хийх нь зүйтэй болов уу. Нөхцөл байдлын үнэлгээ гэдэгт бага, дунд, дээд боловсрол, СӨБ, МСҮТ зэрэг боловсролын бүх шатны нөхцөл байдал, хоорондын уялдаа холбоо ямар байгаад дүн шинжилгээ хийгээсэй гэж хүсч байна.

Цаг хугацааны хувьд оюутан, сурагчдын зуны амралт таарч байгаа учраас боловсролын салбарын мэргэжилтэн, багш ажилчидтай түлхүү ажиллах хэрэгтэй.

Сурах бичиг, дүрэмт хувцастай холбоотойгоор Боловсролын яам бизнес хийдэг гэсэн дүр зураг, хандлага олон нийтийн дунд байдаг. Үндэсний үйлдвэрүүд нь сурагчдын дүрэмт хувцасыг үйлдвэрлээд байхад БНХАУ-аас хямд, чанар муутай хувцас оруулж ирж байна гэж ихээхэн шүүмжилдэг.

Нөгөө талаас зөвхөн боловсролын салбараа анхаарч, соёл, спортыг орхигдуулж болохгүй. Төрийн бодлогыг ард түмний соёл, уламжлалтай холбох нь зүйтэй гэж үзэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай хэрэгцээт сургуулийн үйл ажиллагаа доголдолтой, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөөд байна. Энэ асуудлыг маш яаралтай шийдэж өгөөч. Эдгээр сургуульд багшлах мэргэжлийн багш цөөрсөн.

Тэгсэн атлаа мэргэжлийн багш нарыг ажиллуулдаггүй том дутагдал байна. Мэргэжлийн хүмүүсийг томилсон үндсэн дээр тэднээс хариуцлага нэхэх нь зохистой бөгөөд тусгай хэрэгцээт сургуулиудын сурагчдын эрх ашиг зөрчигдөхөө болино гэж үзэж байна.