Тэрбишдагва.Д 2017.06.09 | Сайт: Vip76.mn

Д.Тэрбишдагва: Сайд хүн бол нэг талаасаа улс төрч, нөгөө талаасаа менежер байх ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг  томилох асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "та бол дэд боловсрол, шинжлэх ухааны салбарын хүн. тиймээс тэр салбараа сайн ажиллах байх.Харин сургууль, цэцэрлэг буюу анхан шатны боловсролын салбарт онцгойлон анхаараарай" хэмээн хэллээ.

Д.Тэрбишдагва үг хэллээ.

Та маш чухал салбарын сайд болж байна. Боловсролоос гадна Монгол улсыг дэлхийд гаргах зүйл бол соёл, түүх. Тийм учраас үүн дээр онцгойлон анхаараарай. Эрдэмтэн хүн очиж байгаа гэж онцолж байна. Энэ чухал.

Гэхдээ салбар хариуцсан сайд хүн бол нэг талаасаа улс төрч,  нөгөө талаасаа менежер байх ёстой.  Олон салбарын уялдаа холбоог зангидаж ажиллахгүй бол амаргүй зүйл.

Улаанбаатар хотын захын хорооллуудын сургууль, цэцэрлэгийн ачаалал хэд дахин хэтэрсэн байгаа. Тэнд ажиллаж байгаа ажилчдын ачаалал, ажлын нөхцөл амаргүй байгаа шүү. Ажлаа авангуутаа таныг энэ зун салбарынхаа бүх салбар, нэгжээр яваасай гэж хүсэж байна. Газар дээр нь очиж үзэх, ном бичиж суух хоёр ялгаатай.

Боловсролын салбарт дутагдаж буй зүйл бол мэргэжилтэй боловсон хүчин  байгаа юм. Жинхэнэ бүтээгч Монгол, ажилсаг Монгол, бүтээгч Монгол анхаарах хэрэгтэй. Борооны дараах мөөг шиг олон дээд сургуультай болсон байгаа. Үүнийгээ чанаржуулах, системчлэхээс гадна Монгол улсын үйлдвэр аж ахуйг дэмжиж өгөх мэргэжилтнүүд хэрэгтэй байна. Засгийн газар хөдөө аж ахуй, бүтээх салбар дээр анхаарч ажиллаж байгаад би баяртай байгаа. Тэнд ажиллах хүчин бэлтгэх тун чухал шүү.

 Та бол ШУА-д ажиллаж байсан хүн. Шинжлэх ухааныхаа салбарт, мөн их дээд сургуулиудын хүрээлэнгийнхээ асуудалд онцгойлон анхаараарай.

ЕБС-ын сургалтын хөтөлбөр дээр сайд болгон оролцдог боллоо. Энэ хөтөлбөрөө тогтвортой байхаар хийхгүй бол манайх шиг ингэж гол хөтөлбөрөө тогтворгүй авч явдаг улс байхгүй. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн анхан шатны сургалтыг онцгойлон анхаараарай. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn