Ё.Баатарбилэг 2017.06.09 | Сайт: Vip76.mn

Ё.Баатарбилэг: Их, дээд сургуулиудын сургалтын агуулга, чанарт гойд анхаарах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай саналыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэд хэдэн зүйл захилаа. 

Билэгтэй сайн өдөр томилогдож буй сайд сайн ажиллаасай гэж хүсч байна. Г.Чулуунбаатар академич бол сайн багш, сайн эрдэмтэн хүн. Одоо Засгийн газрын гишүүнээр ажиллах учраас сайн менежер байгаасай гэж хүсч байна. Шинжлэх ухаандаа хайртай, элэгтэй ажиллаарай. Өмнөх Засгийн газрын үед шинжлэх ухааны салбарыг яаж завхруулсаныг та мэдэж байгаа.

Та бид хоёр УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсны хувьд шинжлэх ухааны салбарт тулгамдсан асуудал, алдаа дутагдлыг сайн мэдэхийн тулд засч, сайжруулахын төлөө ажиллаарай. Шинжлэх ухааны байгууллагын барилга, обьектийг булаадаг, нэгтгэн нийлүүлж байгаа нэрийдлээр хөрөнгө завшдаг байдлыг таслан зогсоохын тулд идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. 

Их, дээд сургуулиудын менежментийг сайжруулж, мэргэжил сонгох, төлөвлөх, элсэлт авахдаа хүртэл анхаарах хэрэгтэй. Одоогийн тогтолцоогоор бол 1 дүгээр курсын оюутнууд нийтлэг нэг сургалтын хөтөлбөрийн дагуу суралцаж, 2 дугаар курсээсээ мэргэжлээ сонгодог болсноор зарим нарийн мэргэжлийн ангид элсэх оюутан байхгүй болсон. Бүгд эдийн засагч, хуульч, олон улсын харилцаа зэрэг мэргэжил рүү хошуурч, байгалийн ухааны салбаруудад элсэх оюутан цөөн байна.

Их, дээд сургуулиудын сургалтын агуулга, чанарт гойд анхаарах хэрэгтэй. Төгсөгчид шууд ажлын байран дээр гарч ажиллахад ихээхэн учир дутагдалтай байна гэж ажил олгогчид чамладаг. Тиймээс дөрвөн жил цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулж буй оюутнуудыг чадвартай боловсон хүчин, мэргэжилтэн болгон төгсгөх тал дээр анхаарах нь зүйтэй. Их, дээд сургуулийн магадлан итгэмжлэлийг ч анхаарах хэрэгтэй. Боловсролын зээлийн сангийн асуудал бас чухал. Зээлийн сангийн хүртээмж муу байна. 

Салбарын хөрөнгө оруулалтын байдалд үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдсан асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Архангай аймагт гэхэд 4,3 тэрбум төгрөгөөр авч, Хөгжимт драмын театр барина гэсэн боловч одоо зөвхөн суурийг нь цутгачихаад мөнгө байхгүй гээд сууж байна.