УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.06.09

О.Баасанхүү: Шүүх шударга байя

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Н.Чинбатыг томиллоо. Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлсэн юм. 

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хаачив? Энэ асуудлаар тус байнгын хорооны дарга нь хариулах ёстой. Эсвэл УИХ-ын гишүүнээр хэд хэдэн удаа сонгогдсон туршлагатай парламентчаар өөрийгөө орлуулж асуултад хариулах ёстой.

Н.Чинбат, Ж.Амарсанаа хоёр хоёулаа л миний багш. Ж.Амарсанааг улс төрийн шалтгаанаар огцруулсан. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуулийг өөрчлөхийн тулд Үндсэн хуулийг барьцаалж, шаардлага тавьсан боловч шаардлагыг нь биелүүлээгүй учир Lexus570 унадаг гэсэн нэрийдлээр ажлаас нь чөлөөлсөн.

Гэтэл одоо цалинг нь ч өгдөггүй. Энэ хүн Монгол төрийн төлөө олон жил зүтгэсэн шүү дээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хажууд хийсэн юмтай, хэлэх үгтэй. Худал шалтгаанаар ажлаас нь халаад зогсохгүй цалин, тэтгэвэр тэтгэмжийг нь хүртэл өгөхгүй гудамжинд гаргалаа. Тиймээс та Н.Жанцан багшид энэ тухай хэлж өгөөрэй.

Угтаа бол өнөөдөр энэ чуулганы танхимд МАН-аас 65 биш 55 хүн суух ёстой. Гэтэл 10 гаруй нэр дэвшигчтэй холбоотой маргааны харьяаллыг Улсын дээд шүүх рүү шилжүүлж, мөнгө тараасан бичлэг, нотлох баримт нь байсаар байхад авч хэлэлцээгүй. Шүүх шударга байя. Намд долгинох хэрэггүй. 

Ялангуяа Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байгаа хүн намд талд засалгүй Үндсэн хуульдаа үнэнч байгаарай. Үндсэн хуульдаа үнэнч байсныхаа төлөө Үндсэн хуулийн цэцийн гишүүд УИХ-ын чуулганы танхимд ад үзэгддэг.

МАХН гэдэг нэрийг хуулиараа авах ёстой байсан. Тэр нэрийг манай намдаа өглөө гээд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж уурлаад байдаг юм. Монголын төр өөрөө хууль зөрчиж байна. Монголын төр хууль зөрчих ёсгүй. Угтаа бол Үндсэн хууль зөрчсөн хүн чуулганы танхимд суух ёсгүй.