УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.06.09

Ц.Даваасүрэн: Шүүх, прокурорын эрх мэдлийг нэмэхийн хэрээр тавих хяналтыг чангатгах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуув. 

Прокурорын тухай хуулийн төсөл батлагдлаа. Хууль хүчний байгууллагын суурь хуулиудыг өөрчилж, шинэчиллээ л дээ. Эдгээр хуулийг хэрэгжүүлж эхлээд алдаа дутагдал гарвал нэн яаралтай засч сайжруулахгүй бол хүний эрх зөрчиж, хүн хохирох болно шүү гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хуулийн төслүүдийг харж байхад шүүх, прокурор зэрэг байгууллагын эрх мэдлийг нилээд нэмсэн.

Эдгээр байгууллагын боловсруулсан, санал гаргасан тэр чинээгээрээ батлагдсан гэж хэлж болно. Үүнтэй холбогдуулан хуулийн хэрэгжүүлэх явцдаа тухайн хуулийг зөрчиж байна уу, үгүй юу гэдгийг хянах хэрэгтэй.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ерөнхий шүүгч нь УИХ-ын чуулганы хуралдаанд ирэхгүй байна. Хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгийн гишүүдтэй харьцаж буй байдлыг харахад хайнга шинжтэй байна. Энэ бол байж болохгүй зүйл.

Хэн нэг улстөрчдийн халаасны хүүхэлдэй болчихоод Монголын төрд хайнга хандаж болохгүй. Тиймээс төрийн байгууллагуудад эрх мэдэл олгохын хэрээр УИХ дээр хяналтын бүтцээ нэн яаралтай бий болгох хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдал цааш даамжирвал мафийн бүлэглэл болно.

Эрдэнэтийн асуудлаар УИХ дээр гаргасан шийдвэрийг жирийн хэсгийн шүүгч өөрчилж байна шүү дээ. Энд сууж байгаа 76 хүн ямар зорилго, үүрэгтэй вэ гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Тиймээс хүний эрх хөндөгддөг томоохон хуульд хариуцлагатай хандах хэрэгтэй. Хуулийн цаана хүний хувь заяа яригддаг.

Оюу толгойн гэрээг баталсан. Нийт гарах зардал нь 20,3 тэрбум төгрөг байсан. 2015 оны ТЭЗҮ-ээр 72 тэрбум төгрөг болгосон буюу 3 дахин зардлаа өсгөсөн. Энэ мэт гэмт хэрэгт манай хууль хүчний байгууллагууд таг дуугүй байгаа.