УИХ-ын гишүүн Л.Болд
2017.06.09

Л.Болд: Ахиад 100 сая ам.доллар хэрэгтэй болсон бол тусад нь хөөцөлд л дөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд асуудал хөндлөө. 

Нэгд, МАН УИХ-ын сонгуулийн үеэр өмнөх Засгийн газрын үед маш их өр тавьсан, Монгол Улс өрөнд умбасан гээд нэг хүнд ногдох өрийн хэмжээг гаргаж, дийлдэшгүй их өртэй болсон гэж ард түмнээ айлгасан шүү дээ. Гэтэл одоо байдал 180 хэм эргэжээ. Өр, зээл л ярьдаг боллоо. БНХАУ, Энэтхэг гээд сая сая, тэрбум тэрбум ам.доллараар зээл авч байна, цаашид ч авахаар байна. Эрх баригчид хоёр нүүртэй баймааргүй байна.

Хоёрт, Монгол Улсын Засгийн газар бодлогоороо төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж байна. Хөнгөлөлттэй зээл гэдгийн цаана олон давхар хараа хяналт, нөхцөл шаардлага, хязгаарлалт байдаг. Энэ бүхнийг зөв зохицуулах хэрэгтэй.

Аваад байх амархан. Гэхдээ үүний цаана Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал зайлшгүй яригддаг. БНХАУ-аас авсан зээлийн тухайд байнгын хорооны хуралдаанаар ярьснаар бол яаж хэрэгжих нь ойлгомжгүй байдалтай болсон байна.

2014 онд БНХАУ-ын даргын айлчлалын үеэр, намайг Гадаад харилцааны сайд байхад анх яригдаж, олон сараар хэлэлцээ хийж, 2015 онд эцэслэн шийдэгдэж, 2016 оноос ажил хэрэг болох байсан боловч шинэ Засгийн газар байгуулагдсан гээд 850 сая ам.долларын зээл авах байсныг 950 сая ам.доллар болж нэмэгдүүлсэн. Үүний улмаас бүх нөхцөл, шаардлагаа Хятадын тал өөрчилж байгаа юм.

Уг зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохирсон 7-8 төсөл хөтөлбөрийг зогсоосон. УИХ-аар шийдэж тогтсоныг Засгийн газар өөрчилсөн гэсэн үг. Энэ мэт тогтворгүй байдал нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг ойлгомжгүй байдалд хүргэлээ. Өмнө нь БНХАУ-аас зээл авах тухай асуудал олон УИХ, Засгийн газар дамжин яригдаж байсан түүх бий.

Одоогийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийг 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлдээ оруулсан гэж эрх баригчид тайлбарлаж байна. Гэтэл 2018 онд хэрэгжүүлэх ямар ч боломж байхгүй. Тиймээс дараа, дараагийн УИХ, Засгийн газрын зорилт, мөрийн хөтөлбөрийг уг төслөөр хэрэгжүүлэх болчихоод байна.

УИХ дээр шийдсэн л бол энэ нь төрийн шийдвэр гэсэн үг. Хэрэгжүүлэх үүргээ Засгийн газар биелүүл.

Засгийн газар солигдлоо гэхэд өмнөх Засгийн газрын гаргасан бүх шийдвэрийг хүчингүй болгохоор өмнөх нь хэрэгждэггүй, өөрсдөө ч хэрэгжүүлдэггүй. Өмнөх Засгийн газар БНХАУ-аас 850 сая ам.доллар авахаар ярьж тохиролцсон бол тэр хэвээр нь явуулж, нэмэлт 100 сая ам.доллар хэрэгтэй гэж үзвэл тусдаа хэлэлцээ хийх хэрэгтэй.

Хэрэв зээл тусламж авсан бол үр ашигтай байх тал дээр анхаарлаа хандуул. УИХ-ын гаргасан шийдвэрийг өөрөөр нь будлиантуулах арга заль явж байна. Ингээд ярихаар Монгол төрийн ажил явдаггүй, гацаж байна.