УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2017.06.09

Д.Тэрбишдагва: БНХАУ-аас зээл авна гэж 13 жил ярилаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва салбар яамнаас асуулт асуув.

2004 оноос БНХАУ-аас буцалтгүй тусламж авахаар ярьж эхэлсэн. Гэтэл уг тусламжийн хэлэлцээ хэрэгжихгүй явсаар өнөөдрийг хүрч байх шиг байна. Тухайлбал, 2004 онд Эгийн голын УЦС-ыг БНХАУ-ын зээлээр барина гэж ярьж байсан. Энэ асуудлыг 13 дахь жилдээ ярьж байна. АН-ынхан БНХАУ-аас зээл авна гэхээр улстөржүүлж, хоёр хөрш рүүгээ дайраад байдгийг ойлгохгүй юм.

2004 онд Лаос, Вьетнам, Камбож, БНХАУ зэрэг улсууд Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Гэтэл бид БНХАУ-аас зээл авч болохгүй гэсээр 13 дахь жилдээ Эгийн голын УЦС-ыг барих тухай ярьж байна шүү дээ. Ингэж л бид хөгжлийг гацааж байна.

1 миллярд ам.долларын зээл олгож, бүтээн байгуулалт хийе гэхээр болохгүй гээд байх юм. Болох, болохгүй, чадах, чадахгүйг бид өөрсдөө нөхцөл, шаардлагаа тавьж, гэрээ хэлэлцээ хийдэг болохоос биш зээл өгөх талаа муулж байгаа нь зохисгүй байна шүү дээ.

Уг зээлийн гэрээ бол 2015 онд батлагдсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй л байна. 2004 оноос одоог хүртэл хэдэн удаа, хичнээн сая ам.долларын зээл олгох тухай амлалаа гээд бид 13 жил огт ажиллаж чадаагүй явж байна. Манай улсаас бусад нь ийм хэмжээний зээлийг хэд дахин эргүүлж, үр ашгийг гаргаж байна шүү дээ.

12 махны үйлдвэр барих тухай олон жилийн өмнөөс л ярьсан. Одоогоор хүчин чадлынхаа 5 хувийг ч ашиглаж чадахгүй байж ахиад 12 үйлдвэр барих тухай ярих юм. Угтаа бол Засгийн газар тодорхой асуудал оруулж ирэхгүй юм бол УИХ-ыг төөрөгдүүлж байна.

Урьд өмнөх зөв зүйтэй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэх хэрэгтэй шүү дээ. Энэ нь гадаад орнуудыг ч эргэлзэхэд хүргэдэг. Бид гадаадын зээл тусламжийг үр ашигтай ашиглаж чадахгүй байна. Одоо шинэ хэлэлцээ эхлүүлж байгаа гэдгээ сайтар ойлгуулах хэрэгтэй. Бусад улс гадаадын зээл тусламжийг болно гээд байхад манай улс болохгүй гэдэг. 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: 

2004 оноос яригдаж, 2005 онд гэрээ байгуулан, 2008 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл юм. Уг зээлийн гүйцэтгэл 98 хувьтай байна. Энэ бол орон сууцны хороолол, чөлөөт бүсийн хөгжүүлэлт зэрэг төсөл, хөтөлбөрт зарцуулаад дууссан. 

500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээг 2011 онд байгуулсан. Одоогоор 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Авто зам, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарт хөрөнгө оруулсан байна. 

Гадаад харилцааны хүрээнд өмнөх Засгийн газрын үед тохиролцсон төсөл, хөтөлбөрийг аль болох үргэлжлүүлж хэрэгжүүлэхийг зорьдог. Тиймээс өмнөх Засгийн газрын үед ярьж тохирсон төсөл, хөтөлбөрүүдийн ихэнх нь хэрэгжинэ. 

Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын ТЭЗҮ хийгдсэн. Одоо тусгайлсан гэрээ байгуулангуут төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Улаангом-Улаанбаатар, Улаанбаатар-Улаангом цахилгаан дамжуулах шугамын тусгайлсан гэрээг Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр үзэглэсэн. Удахгүй ажил хэрэг болно. 

Эрдэнэтийн ДЦС бол өмнөх Засгийн газрын үед ТЭЗҮ нь хийгдэж, БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийсэн. Одоо тусгайлсан гэрээ хийж, ажил эхлэхэд бэлэн. 

Мах боловсруулах үйлдвэрийн тухайд ХХААХҮЯ-наас дахин нэг харж үзэх хэрэгтэй байна гэсэн байр суурьтай байгаа. 

Өрсөлдөх чадвартай дээд боловсрол төслийг үргэлжлүүлэх болно.

Хамгийн том үнийн дүнтэй буюу 827,6  ам.долларын төсөл нь Эгийн голын УЦС юм. Энэ төсөл байгаль орчны асуудлаас болж гацсан учраас зээлийн хэрэгжилтэд дутуу дулимаг зүйл олон байна гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ тусгайлсан гэрээ зурагдаад явсан тохиолдолд төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байна.

Удахгүй Дим сан бонд, Чингис бондын өр төлбөр яригдана. Эдгээр бондын төлбөрийг маш бага хүүтэй зээлээр солих нь зүйтэй гэж үзсэн.