Ногоон хөгжлийн форум боллоо
2017.06.13

Ногоон хөгжлийн форум боллоо

 

“ЖиСиАй АСПАК-2017” Ази Номхон далайн бүсийн чуулга уулзалт Улаанбаатар хотод энэ сарын 8-11-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Чуулга уулзалтад 51 улсын 3500 гаруй төлөөлөгч оролцож албан ёсны 84 арга хэмжээ зохион байгуулсан юм. Үүнээс залуучуудад зориулж 27 сэдвээр хувь хүний хөгжлийн сургалт хийжээ. Мөн бүс нутгийн хөгжлийн тулгамдсан найман асуудлаар форум, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Чуулганы үеэр болсон голлох арга хэмжээний нэг нь Ногоон хөгжлийн форум байлаа. Блю скай зочид буудалд зохион байгуулагдсан энэхүү форумаар Монгол улсын ногоон хөгжлийн бодлого, тэр дундаа Улаанбаатар хот тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн талаар авах арга хэмжээнүүдэд манлайлах үүрэгтэй оролцох нь сэдвээр хэлэлцэв. Форумыг нээж БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол “Ногоон хөгжилд залуусын оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм. Мөн ЖиСиАй байгууллагын олон улсын зочид, гишүүд Монгол улс ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар арга хэмжээ авч ажиллаж буйг ихээр сонирхон хэлэлцүүлэгт идэвхитэй оролцсон. Форумыг хамтран зохион байгуулагч Улаанбаатар хот энэ чиглэлд манлайлах үүрэгтэй ажиллаж буйгаа онцлоод тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан Хотын ногоон хөгжлийн бодлого, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хотын оруулах хувь нэмэр зэрэг бодлогын баримт бичгүүдээ танилцуулсан юм. Мөн эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд залуус, иргэдийн оролцооны ач холбогдлыг илтгэл бүрт тусгасан байсан бөгөөд Тайванийн зочин илтгэгч Шон Чан, Австралийн эрдэмтэн судлаач Кристиан Сорас нар шилдэг туршлагуудаасаа хуваалцав.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын 70 орчим хувь нь хот суурин газар амьдарна гэсэн судалгааг НҮБ-аас гаргасан. Хотжилт ийнхүү дэлхий дахинаа сүүлийн 60 жил хурдацтай явагдаж байгаа нь нийгэм, байгаль орчин, эдийн засгийн олон сөрөг үр дагаврыг бий болгож байна. Улаанбаатар хотын захиргаа ч тулгамдаж буй бэрхшээлүүдийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн шийдвэрлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд байгаль орчин, нийгэм, эдийн засаг, институцийн гэх 4 чиглэлийг хооронд нь уялдаа холбоотойгоор төлөвлөх шаардлагатайг бид тод харж байна. Жишээлбэл, Тогтвортой эдийн засгийг дэмжих ногоон ажлын байрыг бий болгох, ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын ногоон бизнес эрхлэгчдийг дэмжих, хотоос худалдан авалтаар дэмжлэг үзүүлэх, олон улсын болон дотоодын байгууллагуудын хамтын ажиллагааны сүлжээг сайжруулах гэх мэтээр улсдаа манлайлан ажиллаж байна” хэмээлээ.

Нийслэлээс хийгдэж буй бодлогын арга хэмжээнээс гадна ирэх онд хэрэгжих томоохон төслүүдэд ногоон барилгын, барилгын эрчим хүчний хэмнэлтийг дэмжих дулаалгын төсөл, мөн нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх тусгай замын тээврийн төсөл, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг төслүүдийн талаар хэлэлцүүлийг үеэр танилцууллаа