2009.02.03

Д.Оюунхорол: Нийгмийн халамжийг зөвхөн ядуу, эмзэг бүлгийнхэнд зориулах шаардлагатай

ОУВС-гийн ажлын хэсгийнхэн манай улсын төсөв, санхүү, үнийн өсөлтийг бууруулахад чиглэсэн төр засгийн ажлын хэрэгжилтийг судалж, үнэлэлт, дүгнэлт гарган цаашид хэрхэн хамтран ажиллах талаар албаны холбогдох хүмүүстэй уулзан санал солилцож байна.

Тэд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролтой өчигдөр уулзаж нийгмийн хамгааллын бодлого, халамжийн хөтөлбөрүүдийн шинэчлэлийн чиглэлээр ярилцав. Байнгын хорооны дарга эдийн засгийн хямралын үед нийгмийн хамгааллын бодлогыг шинэчлэх шаардлагатайг хэлж төсвийн алдагдлыг нийгмийн салбарт багасгах талаар байр сууриа илэрхийлэв.

"Нийгмийн халамжийн бодлого тэрбумтанд ч, ядуу эмзэг бүлгийн иргэнд ч адилхан хүрч байгааг эргэн харж нийгмийн халамжийн  давхардлыг арилган, нэн ядуу, ядуу ангилалд хамрагдах шалгуур үзүүлэлт, индексийг зөв оновчтой тогтоох, хуульчлах хэрэгтэй байна. Цаашид ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг гадаадын хандивлагч, хөрөнгө оруулагчидтай нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчлэхэд итгэлцлийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн" гэж Д.Оюунхорол гишүүн илэрхийллээ.

Ажлын хэсгийн ахлагч хатагтай Мерал Карасулу яриа хэлэлцээнд ахиц дэвшилтэй зүйлүүд гарч байгааг хэлж, нийгмийн халамжийг зөвхөн ядуу, эмзэг бүлгийнхэнд чиглүүлэх шаардлагатай байгааг онцлов. Нийгмийн халамжийн тогтолцоо, халамжийн хөтөлбөрүүдийн шинэчлэлийн чиглэлээр тус Байнгын хороотой цаашид хамтран ажиллахаа илэрхилжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.