Чингэлтэй дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг бий болно
2017.06.21

Чингэлтэй дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг бий болно

Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар нийслэлд 10 жишиг өрхийн эмнэлэг барих юм. Улаанбаатар  хот,  Истанбул хотын  хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй уг төслийн дагуу өнөөдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо.

Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Ганболд, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан Ш.Анхмаа, “Тика” хөтөлбөр зохицуулагч Өмэр Гүндогду, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат ИТХ-ын төлөөлөгчид, Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн эмч, ажилтан, иргэдийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн хэмжээнд нийтдээ 20 жишиг өрхийн эмнэлэг буюу олон улсын стандартад нийцсэн өрхийн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхээр холбогдох тогтоол шийдвэрүүд гарсан байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10, БНТУ-ын Истанбул хотын буцалтгүй тусламжаар 10 өрхийн эмнэлгийн барилга барих юм. Өнөөдрийн хувьд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд жишиг өрхийн эмнэлгийн барилгын ажлын шав тавих ёслол болж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 142 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн дийлэнх нь өөрийн гэсэн байргүй. Хороо, цагдаагийнхаа байртай хамт байдаг учраас иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхэд маш хүндрэлтэй  байгаа. Энэ асуудлыг шийдэх үүднээс эхний ээлжид өрхийн эмнэлгийн 20 байрыг барихаар төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд стандартад нийцсэн барилгыг бариад зогсохгүй сүүлийн үеийн шинэлэг тоног төхөөрөмжөөр хангах талаар “Тика”-тай ярилцаж, гэрээ хэлэлцээр хийж байгаа”  хэмээн онцлов.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын  “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын хүрээнд нийслэлийн алслагдсан хороод болох  Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны “Увидаст од”, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Мөнх үйлстэн” ӨЭМТөв, Налайх дүүргийн 1, 7 дугаар хорооны  “Нарны элч” ӨЭМТөвийн барилгыг  “Тика” олон улсын байгууллага барихаар  шийдвэрлэж,  шав тавих ёслолын үйл ажиллагааг хийж байна.  Уг 10 ӨЭМТөвийн олон улсын стандартад нийцсэн барилгыг барьснаар иргэдэд үйлчлэх ээлтэй орчин бүрдэж, анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй үзүүлэх боломж бүрдэх юм