Чинзориг.С 2017.06.21 | Сайт: Vip76.mn

Өвөрхангай аймагт ажиллалаа

УИХ-ын хаврын чуулган түр завсарласан хугацааг ашиглан УИХ-ын гишүүн С.Чинзориг тойрготоо ажиллаж байна. Тэрээр одоогоор Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан сумуудаар явж, иргэдэд хийсэн ажлаа тайлагнаж, дунд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонсож, тодорхой арга хэмжээ авахаар болжээ.

Өвөрхангай аймгийн Хар Тойром, Сант, Баянгол зэрэг сумдаар уулзалт хийх үед малчид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан малчдын тэтгэврийн нас, ээжүүдийн тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой хууль хэрэгжихгүй болох эсэхийг голчлон асуулаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийн бодитоор үнэлэх, төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлөгддөг байх зэрэг зүйл заалт бүхий хууль төсвийн тодотголоор өөрчлөгдөөгүйг иргэдэд тайлбарлажээ.

Баян-Өндөр сумын төвд хийсэн уулзалтаар УИХ-ын гишүүн С.Чинзориг Монголбанкинд хийсэн шалгалт, гишүүдтэй хамтран боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд  орсон өөрчлөлт, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах заалтуудыг тайлбарлажээ. Мөн Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас аргагүй болсон шалтгаан, Төсвийн тодотголоор нэмэгдсэн татварууд, тэтгэврийн нас нэмэгдэж буй гэхчилэн нэлээд олон асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

Хар Тойром багийн уулзалтад оролцогсод тулгамдсан асуудал болж буй мал эмнэлэг, малын эрүүл мэндийн тал дээр олон саналуудыг хэлж байв. Хар Тойром баг нь элдэв халдварт өвчний голомт болж байгаагүй бөгөөд урьдчилан сэргийлэхийн тулд малын вакцинжуулалтад маш сайн хамрагддаг. Энэ чиглэлээр ганц малчид хөдөлмөрлөх биш төр засгаас бодлогын түвшинд анхаарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байв.

Харин Сант сумын иргэдтэй хийсэн уулзалтаар Арвайхээрт удахгүй ашиглалтад орох Мах боловсруулах үйлдвэрийн талаар санал бодлоо солилцжээ.

Түүнчлэн Төгрөг сумын Мазар суманд сүүлийн жилүүдэд далан сэтэрч, шинээр засч сэлбэхгүй бол услалтын системээ ажиллуулах боломжгүйд хүрч байгаа учир шаардлагатай хөрөнгийг шийдүүлж өгөхийг иргэд хүссэн юм. Үүний дагуу УИХ-ын гишүүн С.Чинзориг Засгийн газарт хүсэлт тавьсаны үндсэн дээр энэ жилийн төсөвд Мазарын далангийн засварт 130 сая төгрөг шийдүүлсэн байна. Мөн Мазарын төмс, улаан лооль зэрэг хүнсний ногоо жинхэнэ говийн хөрсөнд тарьсан органик бүтээгдэхүүнийг ойрын хэдэн сумдад борлуулдаг боловч хятанд ногооны үнэ дэндүү хямд байгаа нь тэдний хөдөлмөрийг үнэгүйдүүлэхэд хүрч байгаа аж. Тиймээс гаднаас оруулж ирж буй хямд ногоонд өндөр татвар ногдуулах замаар зах зээлийг хамгаалах бодлого хэрэгтэй байгааг иргэд хэллээ.

Мөн Өвөрхангай аймгийн хамгийн алслагдсан сум болох Богдод үүрэн холбооны сүлжээ хангалтгүйн дээр интернетэд холбогдох боломжгүй нь иргэдэд төдийгүй төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд хүндрэлтэй байдаг аж. Тиймээс холбоо харилцааны асуудлыг шийдэж өгөхийг иргэд хүсжээ. Энэ асуудлыг шийдэх гарцыг хайж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай холбогдож Богд сумыг VSAT системийг ашиглан сансрын хиймэл дагуулаас интернетэд холбох боломжтой гэсэн хариу авч ойрын хугацаанд шийдвэрлэхээр боллоо.

Гучин-Ус сумын иргэдтэй уулзахад шийдүүлэх олон асуудал байгааг иргэд тайлбарлажээ. Тухайлбал, цас их орсон үед холоос өвс тэжээл зөөж тээвэрлэх цаг хугацаа, зардал мөнгөний бэрхшээл гардаг байна. Мөн энэ суманд усгүйгээс урагшаа говь руугаа бэлчээр эзэнгүйдэж, хойшоо хангай талын бэлчээрийн даац нэмэгдэх хүндрэл учраад байгаа аж. Тиймээс говийг усжуулахад анхаарахыг хүсжээ.

Түүнчлэн Богд суманд байгуулах Сүүний үйлдвэрийн талаар иргэдээс санал хүсэлтийг нь сонсжээ. Улсын хэмжээгээр 60 суманд Сүүний үйлдвэр байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Өвөрхангай аймгийн хувьд мал сүргийн тоо толгой, сүргийн бүтцийг харж Богд, Уянга, Бат-Өлзий гэсэн гурван сумыг сонгосон байна. Богд сумын хувьд ямаа олонтой, тэмээний тоо толгойгоор улсад дээгүүр ордог бөгөөд хоногт 1,5 тн сүү боловсруулж хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг зунд нь ямааны, өвөлдөө ингэний сүүгээр хангах боломжтой аж. Харин үйлдвэрийн байр 6 метр өндөр таазтай байхаас гадна хэд хэдэн шаардлага хангасан стандартын барилга байх ёстой юм. Гэтэл Богдод тэр стандартад нийцсэн барилга байхгүй учраас шинээр барихаас өөр аргагүйд хүрч 54 сая төгрөгийн Орон нутгийн хөгжлийн сангаас гаргуулахаар болжээ.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn