Эрдэнэбат.Ж Цогзолмаа.Ц 2017.06.23 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Телевиз: TV5

Сургууль, цэцэрлэг бүхий 1008 айлын орон сууц баригдана

Сургууль, цэцэрлэг бүхий 1008 айлын орон сууц баригдана

БНХАУ-ын Засгийн газраас орж ирэх хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа билээ.

Энэ ажлын эхлэл болгож Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон нуур” хороолол барихаар өнөөдөр барилгын шав тавилаа. Шав тавих ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн С.Батболд, Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон дүүргийн иргэд, оршин суугчид оролцлоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн газраас нийслэл хотынхоо иргэдийг ая тухтай, эрүүл, аюулгүй нөхцөлд ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн төлөө олон ажил хийж байна. Нийслэл хотод хамгийн тулгамдсан асуудал бол агаар, орчны бохирдол юм. Бид үүнийг хэрхэн шийдэх талаар Улаанбаатар хотын захиргаа, Засгийн газар, УИХ-ын түвшинд байнга ярилцаж, хэлэлцсээр байна.

“Ногоон нуур” орон сууцны хороололд сургууль, цэцэрлэгийг цогцоор нь шийдсэн 1008 айлын орон сууц баригдана. Хашаа байшинд амьдарч байгаа 1008 өрх энд орно гэж ойлгох хэрэгтэй.

Ингэснээрээ бид дахин 70 га газар чөлөөлж авах юм. Энэ газар дээр дахин орчин үеийн орон сууц барина. Ийм бодлогоор орон сууц, хотхоны үргэлжлэл явах юм” хэмээн хэллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Засгийн газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй энэхүү орон сууцны хорооллын төсөл хэрэгжсэнээр цаашид гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажуулах, дэд бүтцээр хангахад томоохон түлхэц өгч, түүнийг хурдацтай хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Энэхүү 1008 айлын орон сууцны 50 хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдийг өөрийн орон сууцандаа ортол газрыг орон сууцаар солих нөхцөлтэйгөөр шийднэ. Үлдсэн 50 хувьд агаарын бохирдол хамгийн өндөртэйд тооцогддог нэг, хоёрдугаар бүсийн 182612 өрхөөс “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны сан”-ийн дэмжлэгтэйгээр урьдчилгаа 30 хувиа төлүүлсэн иргэдийг оруулахад чиглүүлнэ” гэлээ.

Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил “Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн удирдлагуудтай хамтран гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг шинэ шатанд гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Өмнө нь иргэд газраа өгөөд хэзээ орон сууцандаа орохоо мэдэхгүй нөхцөл байдал үүсч байсан. Тэгвэл бид эхний ээлжинд Сүхбаатар дүүрэгт чөлөөлөөд байсан 4.2 га газарт 1000 айлын орон сууц бариад иргэдээ оруулсаныхаа дараа газрыг нь чөлөөлж аваад дахин барилга барих боломж бололцоог бүрдүүлнэ” хэмээлээ.

“Ногоон нуур” орон сууцны хороолол нь 960 суудал бүхий сургууль болон цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, инженерийн байгууламжийг цогцоор нь шийдэж өгсөн 21 давхар бүхий найман блок барилгаас бүрдэж байгаа аж.  Мөн ирэх жилийн долоодугаар сар гэхэд бүрэн ашиглалтад өгөхөөр ажлаа эхлүүлж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.