Жанжин туганд Сүхбаатарын одон гялалзав
2017.06.23

Жанжин туганд Сүхбаатарын одон гялалзав

Эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа ЗХЖШ-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагналаа. Хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж буй ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болон БХЯ, ЗХЖШ, ХЗЦ, АЦК-ын бие бүрэлдэхүүн болон ЗХЖШ-ын үе үеийн дарга нар оролцов. ЗХЖШ-ыг шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уншиж сонордуулсан.

Зарлигт "Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчнийг мэргэжлийн дээд удирдлагаар хангах, өргөтгөн зохион байгуулах, цэргийн мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх, энх цагийн бүтээн байгуулалтад оролцох, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үйлсэд идэвх, санаачилгатай ажиллаж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж буй тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл, зүтгэлийг өндрөөр үнэлж Зэвсэгт хүчний жанжин штабыг Сүхбаатарын одонгоор шагнасугай" гэжээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж одонг Жанжин туганд зүүж өгсөн юм. Тэрээр "Жанжин туганд их жанжныхаа нэрээр алдаршсан Сүхбаатарын одонг гардууллаа.

Энэ бол түүхэн үйл явдал. Монгол Улсын Зэвсэгт хүчний үе үеийн яруу алдарт түүхийг Монголын төрөөс үнэлж байгаа том үнэлгээ юм. Манай Зэвсэгт хүчин үүссэн цагаасаа эхлэн эх орныхоо тусгаар тогтнол, бие даасан байдлыг батлан хамгаалахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирсэн. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин зөвхөн өөрийн оронд үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна дэлхийн халуун цэгүүдэд үүргээ амжилттай гүйцэтгэж байгааг онцгойлон хэлье. Цаашид манай Зэвсэгт хүчний удирдлага, Жанжин штаб өмнөө тавигдсан үүргийг биелүүлж, үйл ажиллагаа, сахилга, зохион байгуулалтаараа онцгойрон ажиллаж чадна гэдэгт итгэж байгаагаа дахин илэрхийлье. Монгол Улсын Зэвсэгт хүчний яруу алдар улам мандан бадрах болтугай" гэлээ.

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа хэлсэн үгэндээ "Энэхүү баярт үйл явдал нь 90 гаруй жилийн түүхийн хугацаанд манай Зэвсэгт хүчний гүйцэтгэсэн үүрэг, хүрсэн амжилтыг Монгол Улсын төр байнга өндрөөр үнэлж байдгийн тод жишээ болж байна. Зэвсэгт хүчний хүрсэн амжилт, дуурсгасан түүх нь түүний уураг тархи болсон ЗХЖШ-ын үйл ажиллагаатай салшгүй холбоотой. ЗХЖШ нь дайны дараах энх цагт ч Зэвсэгт хүчнийг удирдах, цэргийн мэргэжилтнүүдийг бэлтгэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ, эх орныхоо аль хэрэгцээтэй газарт ажиллах хүсэл эрмэлзлэл, удирдах чадвар бүхий олон мянган цэргийн алба хаагчаа илгээж, төрөөс даалгасан үүргийг туйлбартай биелүүлж, эх орныхоо бүтээн байгуулалтад тэргүүн эгнээнд оролцуулж байна.

Жанжин туганд "Сүхбаатарын одон" зүүсэн энэхүү баярт мөчийг тохиолдуулан Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болох ЗХЖШ-ыг амжилттай удирдаж байсан үе үеийн дарга нар, алба хааж байсан генерал, офицер, ахлагч нарт нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал дэвшүүлье" гэсэн юм.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар шинээр гаргасан "Энхийг сахиулагч гэр бүл" тэмдгийг ёслолын арга хэмжээг үзэхээр цугласан энхийг сахиулагчдын хүүхэд багачуудад гардуулан өгсөн. Энэхүү тэмдэг нь Монгол Улсын Зэвсэгт хүчний ололт амжилтыг хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд сурталчлан таниулж, үүгээр дамжуулан тэдэнд эх орон, эцэг эх, найз нөхдөөрөө бахархан дуурайх, энхийн үйлсийг эрхэмлэн хүндэтгэх, цэрэг-эх оронч хүмүүжлийг бий болгох зорилготой юм.

"Соёмбо" сонин