Эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аврагчдаа эргэлээ
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал
2017.06.22

Эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аврагчдаа эргэлээ

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал өнөөдөр Булган аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Өргөө зуслан” гэдэг газар хүүхэд усанд осолдсон дуудлагаар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аврагчдаа эргэлээ.

2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүүхэд усанд осолдсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дөрвөн алба хаагч, нэг автомашин, орон нутгийн таван иргэн, хоёр автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг явуулж байсан юм.

Нутгийн иргэд, ар гэрийнхэн нь голын эрэг дагуу хайлт хийж байгаа бол аврагчдын хувьд голын усанд шумбалт хийн эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж. Голын урсгал их ширүүн байгаа нь эрэн хайх ажиллагаанд хүндрэл учруулж байгаа  талаар аврагчид ярьж байлаа.

ОБЕГ-ын удирдлагуудын хувьд аврагчдын ажлын нөхцөл байдал, эрэн хайх ажиллагааны явцтай танилцаж, цэвэр ус, хүнс зэргийг өгч, эрэн хайх ажиллагаандаа өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, хянуур ажиллахыг аврагчдадаа захисан юм.

Харин ОБЕГ-ын удирдлагуудыг Орхон аймагт ирээд байхад эрэн хайх аврах ажиллагаа явуулж байсан аврагчид эрлээ олсон талаарх мэдээллийг араас нь ирүүллээ.

Тодруулбал, усанд осолдсон 17 настай У-ын цогцосыг энэ сарын 22-ны 19:40 цагт осолдсон газраас 20 орчим км-ын алс “Цайрын нуга” гэдэг газраас олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.