Л.Энх-Амгалан Н.Учрал Ц.Цогзолмаа Ө.Энхтүвшин Ё.Баатарбилэг Б.Саранчимэг 2017.06.29 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

УИХ дахь АН-ын бүлэг Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар завсарлага авлаа

УИХ дахь АН-ын бүлэг Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар завсарлага авлаа

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв.

Төслийн үзэл баримтлалыг хуулийн төсөл санаачлагчийн нэг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан.

Багшийн хамгийн эрхэм үүрэг болох хүүхэд нэг бүрийн авьяас, сонирхлыг дэмжин хөгжүүлэх ажиллагаа зохих ёсоор үнэлэгдэхгүй, багшийн нэр хүнд, мэргэжил, ур чадварын үнэлэмж доошилсон, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллагчдын идэвх, оролцоо хангалттай бус байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байгааг УИХ-ын гишүүн Н.Учрал онцлоод хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тэдний онцлог, бусдаас ялгаатай байдлыг нээн илрүүлж, хөгжлийг нь дэмжиж буй багшийн тэргүүн туршлагыг олон нийтийн хүртээл болгох нь багшийн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхэд түлхэц болох учиртай гэлээ.

Нөгөө талаар бүх шатны боловсролын байгууллагын мэргэжил дээшлүүлэх хэрэгцээний үндэсний цогц судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй байгаа нь багш хөгжих эрэлт хэрэгцээ, хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ нь үндэслэл муутай байсаар байна гэв.

Тэрбээр, Багш нарын цалин хөлс хангамж нь мужаан, жолооч, үйлчлэгч нарын цалингийн сүлжээтэй дүйцэхүйц хэмжээнд байгаа нь багш нарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Мөн багшийн мэргэжил сонгон суралцах сурагчдын ерөнхий эрдмийн шалгалтын оноо сайнгүй байгаа нь Монгол Улс боловсролын салбарын хөгжилд анхаарахгүй байгаагийн илрэл юм.

Хууль зүйн болон хөгжих баталгаагаар бүрэн хангагдаж чадаагүй байгаагаас үүдэн багшийн ёс зүйн стандартыг сайжруулах, хатуу чанд шаардлага тавьж чадахгүй хэмжээнд хүрч байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна гэж хэллээ. 

Тиймээс багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бүрдүүлэх, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын чанарыг сайжруулах, ажлын ажлын гүйцэтгэлд суурилсан цалингийн урамшуултай болгох, таван жил ажиллаж байж мэргэжлийн зэрэг ахиж буй системийг илүү уян хатан болгож ажлын ажлын гүйцэтгэлээс хамааруулах, бага ангид туслах багштай болж ачааллыг бууруулах зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн багшийн нэр хүндийг хуулиар хамгаалах, багшийн эрүүл мэндэд анхаарал хандуулах талаар ч тусгасан байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, А.Ундраа, Б.Саранчимэг нар энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гишүүд хуулийн төслийг цаг алдалгүй баталж, багш нарын хөгжих боломжийг нээн, сургалтын чанарыг сайжруулахад анхаарах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэн. Тэрбээр, АН-ын бүлэг хуулийн төслийн үзэл баримтлалыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хуульд тусгах саналуудаа боловсруулах шаардлагатай байгаа учир завсарлага авч байна гэсэн тайлбарыг хийсэн учир хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан юм.