УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.06.29

Ё.Баатарбилэг: Төсвийг үрэлгэн зарцуулсан албан тушаалтанд ямар хариуцлага тооцсон юм бэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.29/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

2015 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг сонсох явцдаа Ерөнхий аудиторын толгойг илж илж гаргасан. Жил бүр төсвийн гүйцэтгэл гаргаж, гүйцэтгэлийг аудитын байгууллагаар хянуулж УИХ дээр хэлэлцдэг. Уламжлал ёсоор уг гүйцэтгэлд төсвийн хөрөнгө оруулалтын үр нөлөө муу байна, хэрэгжилтэд тавих хяналт сул, төсвийн ерөнхийлөн захирагчид эрх мэдлээ хэтрүүлсэн гэж дүгнэдэг. Гэтэл төсвийг үрэлгэн зарцуулсан ерөнхийлөн захирагчдад ямар хариуцлага хүлээлгэх эсэх нь тодорхойгүй. Өнөөдрийг хүртэл нэг ч ерөнхийлөн захирагчид хариуцлага тооцоогүй юм байна.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа аваад удаагүй байгаа. Гэхдээ дараа жилийн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтээ та өөрөө хамгаалаарай. Асуудал руу ор, ажлаа хий. “Хулгайч хулгайчийг бариарай” гэдэгчлэн өнгөрсөн оны төсөв хэлэлцэж байх үеэр АН-ынхан хулгайч нарт хариуцлага тооцооч гэж хашгичиж байсан санагдана. Гэтэл одоо хулгайч нь яг хэн болохыг хайгаад олохоо байлаа. Дөрвөн жил төр засгийг самарлаа шүү дээ.

Гадаад өр төсвийн бүрэлдэхүүн хэсэг болдог. Орон нутгийг хөгжүүлэх сан гэж байсан. Миний мэдэж байгаагаар нэг суманд жил бүр 300-500 сая төгрөгийн санхүүжилтийг тус сангаас олгодог байсан. Сум хөгжүүлэх сангийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна гээд хуц, ухна худалдаж авдаг, ЖДҮ-ийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлнэ гэдэг. Гэтэл эргэн төлөлт нь юу болж байна? Улсын хэмжээнд орон нутгийг хөгжүүлэх санд нийт хэдэн төгрөг зарцуулсан талаар аудитын байгууллагын дүгнэлт гаргасан уу? Чанаргүй зээл хэдий хэмжээнд хүрсэн бэ? Сумдад царцсан барилга олон байна шүү дээ.

Өнөөдөр бид төсвийн урсгал зардлыг нэг бүрчлэн ярьдаг атлаа төсвийн хөрөнгө оруулалт, түүний үр нөлөө, хязгаарлалтад олигтой дүгнэлт хийж чаддаггүй. Бинзен, бичгийн цаас хэтрүүлсэн бол гэмт хэрэг болгодог гэх зэргээр жижиг асуудалд анхаарал хандуулаад байх юм. Ингээд ирэхээр төсөвт байгууллагууд хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, доголдож байна. Тиймээс төсвийн зарцуулалт, үр ашгийг хянах гэж байгаа бол бодит хяналт тавь. Энэ удаад хэн гэдэг албан тушаалтан ямар хариуцлага тооцсон бэ? Хэрэв тооцоогүй бол тооцоогүй гэдгээ хэл.