Цогзолмаа.Ц Чинзориг.С Г.Мөнхцэцэг 2017.06.30 | Сайт: Vip76.mn

Эхчүүдэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл батлагдлаа

Эхчүүдэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл батлагдлаа
УИХ-ын дарга М.Энхболд

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн төсөл батлагдлаа. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 68,9 хувийн саналаар баталсан юм.

Уг хууль 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хуулийн хэрэгжихэд жил бүр улсын төсвөөс 72 тэрбум төгрөг төсөвлөнө гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдээлж байсан юм. 

Хуулийн төсөл батлагдсанаар дараах тэтгэмжийг олгохоор боллоо. Үүнд,

- Жирэмсэн эхийн тэтгэмжид сар бүр 40 000 төгрөг

- 0-3 насны хүүхдээ асарч буй ээжид сар бүр 50 000 төгрөг

- Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд тус бүр нэг удаа 1 000 000 төгрөг

- Гурав болон түүнээс дээш ихэр хүүхдэд тус бүр нэг удаа 3 000 000 төгрөг

- Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улиралд нэг удаа 240 000 төгрөг тус тус олгоно.

Дашрамд дурдахад, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 28-нд өргөн мэдүүлж, энэ оны 2 дугаар сарын 9-нд УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар үдээс хойших хуралдаанаараа эцэслэн баталлаа.  

Хүүхэд төрүүлсэн эх бүрт сард 50 000 төгрөг олгохоор гишүүд санал нэгдлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, С.Чинзориг нар асуулт асууж, үг хэлсний дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан юм. НББСШУ-ны байнгын хорооноос дараах санал гаргасан байв. 

Төсөлд тусгагдсан тэтгэмж авах эрхийн тухайд нийгмийн халамжийн мэдээллийн санд бүртгэгдсэн нийт өрхөөс амьжиргааны түвшин нь 80 хүртэлх хувьд багтах өрхийн хүнийг хамруулахаар тусгах

Уг саналаар хураах явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Цогзолмаа, Ц.Гарамжав, С.Чинзориг нар дэмжсэн, дэмжээгүй байр сууринаас санал хэллээ. 

С.Чинзоригийн тухайд одоогийн хуульд жирэмсний таван сартайгаас эхлэн эхчүүд 12 сарын хугацаанд сар бүр 40 000 төгрөгийн тэтгэмж авч байгаа юм. Уг хуулийн төслөөр бол хүүхдээ төрүүлснээс хойших 5 сарын хугацаанд олгодог байсан 40 000 төгрөгийг зогсоож, түүний оронд сар бүр 50 000 төгрөг олгохоор болсон нь ухралт гэж бодож байна.

Нөгөө талаас хүүхэд төрүүлсэн эхчүүдийн хэдэн хувь нь уг тэтгэмжийг авах эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс байнгын хороо уг саналаа татаж аваач. Байнгын хороо саналаа татаж авахгүй гэвэл гишүүд уг саналыг унагаах хэрэгтэй. Энэ бол дордуулсан заалт. Засгийн газрын анх оруулж ирсэн саналыг хэвээр үлдээж, хүүхэд төрүүлсэн эхчүүдэд бүгдэд сар бүр 50 000 төгрөг олгох хэрэгтэй гэлээ. 

Ц.Цогзолмаагийн тухайд ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэгийг энэ саналаа тайлбарлахыг хүссэн юм. 

Гишүүд үг хэлж дууссаны дараа УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг уг хуулийн төслийг хэлэлцэж байх явцад улс орны эдийн засгийн нөхцөл байдал тааруу байсан учраас ийм санал гаргаж байсан, одоо бол уг саналаа татаж байна гэлээ. Ингэснээр амьжиргааны баталгаажих түвшин хийгээд ер нь орлогоос үл хамаарч хүүхэд төрүүлсэн, 0-3 насны хүүхэдтэй эхчүүдэд сард 50 000 төгрөгийн тэтгэмж олгож байхаар анхны хэлэлцүүлгээр шийдлээ. 

Хэлэлцүүлгийн төгсгөлд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НББСШУ-ны байнгын хороонд шилжүүлсэн юм. 

Хүүхдээ гэртээ асарч буй эх, өрх толгойлсон эцэг/эхэд тэтгэмж олгох асуудлыг хэлэлцэж байна

Өнөөдөр 11 цагт

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-нд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. 

Уг хуулийн төслийг УИХ 2017 оны 2 дугаар сарын 9-ний хуралдаанаараа хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр НББСШУ-ны байнгын хороонд шилжүүлсэн байдаг. Тус байнгын хорооноос УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгээр ахлуулсан, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Ганболд, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, С.Эрдэнэ нарын ажлын хэсэг гарчээ. 

Монгол Улсын нийт хүүхэдтэй өрхийн 16 орчим хувийг өрх толгойлсон ганц бие эх/эцэгтэй өрх эзэлж байна. Тэдгээрийн амьжиргааг дэмжих тэтгэмж, тусламжийн хэмжээ өнөөгийн нөхцөлд бага, хууль зүйн зохицуулалт сул байна. Тиймээс дээр дурдсан хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгаж өгчээ. Үүнд, 

- Жирэмсэн эхэд 5 сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацааны тэтгэмж

- 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсаны тэтгэмжийг сар бүр 

- Дөрөв хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа мөнгөн тэтгэмж

- Гурав болон түүнээс дээш насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг/эхэд улирал бүр тэтгэмж олгохоор заажээ.

Тухайлбал, төсөлд тусгагдсан жирэмсэн эхийн тэтгэмжид сар бүр 40 000 төгрөг, 0-3 насны хүүхдээ асарч буй ээжид сар бүр 50 000 төгрөг, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд тус бүр нэг удаа 1 000 000 төгрөг, гурав болон түүнээс дээш ихэр хүүхдэд тус бүр нэг удаа 3 000 000 төгрөг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг/эхэд улиралд нэг удаа 240 000 төгрөг тус тус олгохоор тооцсон байгааг байнгын хороо бүхэлд нь дэмжиж байна. 

НББСШУ-ны байнгын хороо хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулж байна. Үүнд, 

- Төслийн "0-3 насны" болон "0-3 хүртэлх насны" гэсэн нэр томьёонуудын хууль зүйн үр дагавар нь ялгаатай байх тул томьёоллуудыг жигдэлж насыг тодорхой болгох 

- Төсөлд тусгагдсан тэтгэмж авах эрхийн тухайд нийгмийн халамжийн мэдээллийн санд бүртгэгдсэн нийт өрхөөс амьжиргааны түвшин нь 80 хүртэлх хувьд багтах өрхийн хүнийг хамруулахаар тусгах

- Төсөлд тусгагдсан хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, уг хуулийн болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад албан ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдах эрхтэй байхаар өөрчлөн найруулах зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргажээ. 

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.06.30/ эхэллээ. /10:20 цагт/

УИХ-ын дарга

Өнөөдрийн хуралдаанаар нийт дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэнэ. Үдээс өмнөх хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх бол үдээс хойш УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингөөс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсонтой холбогдуулан Засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгыг сонсох юм. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn