УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
2017.06.30

Ц.Цогзолмаа: Хот бие даан хөгжих боломж хэр байна?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа гурван асуудал тодрууллаа. 

Нийслэлийн эрх зүйн байдал статусын хувьд дээшлэх ёстой. Эрх байдлыг нь дээрдүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу эсвэл уг хуулийн төслөөрөө шийдэх үү гэдгээ УИХ-аас гарах ажлын хэсгийнхэн ярих байх.

Албан ёсны статистикаар бол, нийслэл Улаанбаатар хот 1,2 сая хүн амтай. Албан бус тоогоор 1,5 сая хүн амтайд тооцогддог том хот. Тиймээс уг хуулийн төслийг яаралтай баталж, төрийн ажил, үйлчилгээг нийслэлийн иргэдэд тэгш, хүртээмжтэй, чанартай байх тал дээр анхаарах зайлшгүй шаардлагатай байна.

Ингэхийн тулд газар зүйн онцлогт тулгуурласан ямар өөрчлөлт хийх вэ? Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг олон хүн амтай дүүргүүдэд ямар бодлого барих вэ? Хүн амын тоонд үндэслэж хэдэн дүүрэгтэй байвал тохирох талаар урьдчилсан судалгаа хийсэн үү?

Нийслэлийн өмч нь хот бие даан хөгжих эдийн засгийн гол хөшүүрэг юм. Тэгвэл өмчөө барьцаалж бонд гаргах, санхүүгийн бусад эх үүсвэрийг бий болгох зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгасан уу? Бие даан хөгжих өөр бусад ямар боломж байна?

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг дангаараа нь батлуулахаас гадна Нийслэлийн Засаг дарга Засгийн газрын гишүүн байх, ингэснээр нийслэл хотын тулгамдаж буй олон асуудлыг төрийн бодлогод суулгах, шийдвэрлүүлэх боломжийг олгох нь чухал байна.

Бидний хөрш ОХУ-д Москвагийн Засгийн газар гэж бий. Засгийн газрын статустай ажиллана гэдэг нь асуудлаа бие даан шийдэх бололцоотой гэсэн үг. Тиймээс дэлхийн бусад улс орны эрх зүйн байдлыг судалж, хуулийн төсөлдөө тусгах нь зүйтэй болов уу.