Сумъяабазар.Д 2017.06.30 | Сайт: Vip76.mn

Д.Сумъяабазар: Хот, дүүргийн статусыг өөрчилж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар асуудал дэвшүүллээ. 

Нийслэлд тулгамдсан олон асуудлыг шийдэх хуулийн төсөлд оруулж ирсэн нь сайшаалтай. Хотод тулгамдаж буй асуудал олон байна. Ногоон байгууламжийг яаж нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчидтай хэрхэн хамтран ажиллах, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх, түүнд тулгуурлан санхүүгийн эх үүсвэр бий болгох, энэ бүхний үр дүнд хотын өнгө төрх, амьдрах боломжийг сайжруулах зохицуулалтуудыг уг хуулийн төсөлд тусгажээ.

Тулгамдаж байгаа олон асуудал дотор гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хамгийн чухал. 2008 оноос “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

Уг хөтөлбөрийг 2012 онд “Гэр хорооллын дахин төлөвлөлт” гэж нэршлийг нь өөрчлөөд, өмнө нь барьж байсан бодлого, хөтөлбөрийг өөрчлөн, уялдаа холбоогүй болгож, үл хөдлөх хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах иргэдийн боломжийг хаан, тэдний амьдрах нөхцөлийг улам дордуулсан.

Энэ алдааг засахын тулд “Орон сууцжуулах хөтөлбөр”-ийг эрчимжүүлж, ногоон байгууламжийг бий болгон, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, цаашлаад Улаанбаатар хоттой холбоотой бүх төрлийн үйл ажиллагааг хэвийн явуулах ёстой.

Ер нь хуулийн төсөл оруулаад ирэхээр дэмжихгүй, эгүүлэн тат гэдгээ УИХ дахь АН-ын бүлгийнхэн болих хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар хотын хэдэн уулзварыг өргөтгөсөн, Чингис бондын хөрөнгийг шамшигдуулсан гээд яривал олон асуудал бий.

Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хот, дүүргийн статусыг өөрчлөх талаар судалж, өнөөдрийн бидний хүсээд буй санхүүгийн бие даасан байдал, эрх мэдлийг дүүрэг, орон нутаг руу шилжүүлэх, татварын бааз суурийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлэн, нийслэл хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна?

Сонгинохайрхан дүүрэгт тулгамдаж буй нэг асуудал бол татвар, татварын бааз суурь байдаг. Дүүргийн төсөв огт хүрэлцдэггүй. Татварын бааз суурийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт тал бүрээс нь ярилцдаг. Хуулийн хүрээнд газрын төлбөр, рашаан, усны хураамжийг дүүрэгтээ төвлөрүүлж болох эсэх асуудлаар Сангийн сайдтай ярилцаж байсан. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn