Учрал.Н 2017.06.30 | Сайт: Vip76.mn

Н.Учрал: Багш нарын асуудал бол улс төрийн асуудал биш

Н.Учрал: Багш нарын асуудал бол улс төрийн асуудал биш

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар  "Багшийн хөгжлийн тухай хуулийн" төсөл дээр АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан.  Үүнтэй холбогдуулан хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл хийлээ. 

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар санаачлан, боловсруулж,  зургадугаар сарын 15-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

"Багш нарын асуудал бол улс төрийн асуудал огт биш. АН-ыг 5 хоногийн завсарлагаа зогсоохыг албан ёсоор шаардаж байна. Энэ хаврын чуулганаар багтаж хуулийн төслийг УИХ батлах ёстой" гэдгийг Н.Учрал гишүүн онцлон хэлсэн юм.

Тэрбээр

"Би өнөөдөр улс төр ярихгүйгээр ажил яримаар байна. Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. 

Олон жил бид боловсролын салбарын асуудлыг ярьсан. Тэр дундаа багш нараас олон зүйл шаардсан мөртлөө өнөөдөр багш нарт ямар ч боломж олгохгүй өдий хүрлээ.

Багш, эмч нарын асуудлыг нэгдүгээрт тавих ёстой гэж ярьсны үндсэн дээр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багш, эмч нарын цалин урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг тодорхой хуульчилж зохицуулалтыг нь оруулж өгсөн.

Энэ утгаараа "Багшийн хөгжлийн тухай хууль"ийг нийслэл, 21 аймгийн 10 мянган багш нарын дунд гурван жилийн хугацаанд хэлэлцүүллээ.

Үүнийхээ үр дүнд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу УИХ-д өргөн барихад АН-ын бүлгийн зүгээс тав хоногийн завсарлага аваад суучихлаа.

Өнөөдөр хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж байхад “Бид үүнийг хэлэлцэхгүй” гээд байгаагаа одоо зогсоо гэдгийг албан ёсоор шаардаж байна.

Монголын олон мянган багш нар хичээлийн шинэ жилээс өмнө хуультай болчих юмсан гээд хүлээж байгаа.

Төрийн албан хаагчийн тухай хуулийг энэ өдрүүдэд УИХ-аар хэлэлцэж байгаа. Уг хуулийн төсөлд багш, эмчийн 36 сарын нөхөн олговор, удаан жилийн нэмэгдлийг суулгаж өгөхөөр хуульчилсан байна.

Ингээд Багшийн хөгжлийн тухай хуулийг баталчихвал багш нар ажлын байрандаа хөгжих боломж, цалин, урамшууллынх нь механизм нь шийдэгдэнэ, мөн  тэдний орон сууцны лизингийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломж нээгдэх юм. МУБИС-ийг төгссөн залуу боловсон хүчин заавал багшлах эрхийн гэрчилгээ шаарддаг байдал өөрчлөгдөнө. Ингэж багш нарын нийгмийн асуудал тодорхой түвшинд шийдэгдэж, багш нарын нэр хүнд хуулиар баталгаажаад ирэхээр энэ мэргэжлийг эзэмших залуучуудын тоо өсөх юм. 

Тиймээс Монголын үр хойчийн төлөө сэтгэл гарган ажиллаж байгаа багш нарын асуудлаар АН улс төрөө зогсоо. Энэ Хаврын чуулганы хугацаанд хуулийн төслийг  баталмаар байна.

Албан ёсоор АН-аас хүсмээр байна. 5 хоногийнхоо завсарлагыг зогсоо. Хуулийн ажлын хэсэгт АН-бүлгээс ороод хамтдаа хуулиа баталъя.

Багш нарын асуудал бол улс төрийн асуудал огт биш шүү гэдгийг хэлмээр байна" хэмээн хэлсэн юм. 

Хуулийн төсөлд ямар зохицуулалт орсон байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn