Учрал.Н 2017.06.30 | Сайт: Vip76.mn

Н.Учрал: Ус, хөрсний бохирдлыг бууруулах төхөөрөмжийг ч гааль, НӨАТ-аас чөлөөлөх нь зөв

Н.Учрал: Ус, хөрсний бохирдлыг бууруулах төхөөрөмжийг ч гааль, НӨАТ-аас чөлөөлөх нь зөв
УИХ-ын гишүүн Н.Учрал

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал хуулийн төслийг дэмжиж үг хэллээ. 

Нийслэлийн удирдлагууд “Ногоон хот байгуулна” гээд олон форум зохион байгуулсан. Ногоон хот гэхээр хэдэн мод, бут, цэцэг, навч тариад болчихдог гэж ойлгодог юм шиг. Одоогийн хотын удирдлагуудын тавьж буй зорилтыг шинжлэх ухаанчаар харж, хүрээлэн буй орчныг сайжруулах зорилгоор өндөр технологи, инноваци шингэсэн бүс нутаг, дагуул хот байгуулъя гэсэн санаачилга гарган ажиллаж байгаад талархаж байна.

Ногоон хот байгуулах ёстой. Гэхдээ нийслэлийн гудамж талбайд суулгасан үнэтэй цэцгүүд бол ногоон хотын нэг хэсэг биш. Хог хаягдал байлаа гэхэд байгальд хоргүй байх ёстой. Хог хаядлыг дахин боловсруулж, аливаа бүтээгдэхүүний түүхий эд болдог байх учиртай. Ингэж инновацийн үйл ажиллагааг дэмжих бодлого баримталснаар хотын хөгжил тогтвортой байх болно.

Агаар, ус, хөрсний бохирдол гээд шийдэх ёстой олон асуудал байна. Эдгээр асуудлыг шийдэхэд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга чиглэх ёстой. Уг хуулийн төсөлд гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай дагалдах хуулийн төслийг өргөн барьсан байна.

Энэ хуулийн төсөлд агаар шүүгч болон эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлнө гэж заажээ. Гэтэл агаараас гадна ус, хөрсний бохирдлыг бууруулах төхөөрөмжийг татварын бодлогоор дэмжих тухай тусгагдаагүй байна.

Утаагүй зуух, хэмнэлттэй халаагч төхөөрөмж гэхийн оронд өндөр технологи, инноваци шингэсэн газар байгуулж, дагуул хотоо инновацийн бүс нутаг болгох зорилт тавьсан, асуудалд шинжлэх ухаанчаар хандаж буй хотын удирдлагын хувьд энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсч байна.

Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд анхаарах, эх оронч худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гээд тодорхой зохицуулалтууд уг хуулийн төсөлд байгаа учраас батлагдсан тохиолдолд хэрэгжилтэд нь сайтар хяналт тавиарай.

Улаанбаатар хот нь метрополитан хот болохын хувьд дагуул хот, дэд төвүүдтэй. Эдгээрийн нэг нь инноваци, нөгөө нь хөдөө аж ахуй гэх зэргээр эдийн засаг, нийгмийн таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Хуулийн төслийг яаралтай баталж, ажилдаа шуурхайлж оръё. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn