Гантулга.Д 2017.06.30 | Сайт: Vip76.mn

Д.Гантулга: Хэн Ерөнхийлөгч болох бол гэхээс илүү Үндсэн хуулийн өөрчлөлт анхаарах ёстой

УИХ-ын гишүүн Д.Гантулга

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн ОУВС-гийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссон юм. Асуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн Д.Гантулга зарим асуудлыг тодруулсан юм. 

Ийм сонгуулийг анх удаа үзэж байна гэж олон хүн хэлж байна. Гүжир гүтгэлэг хэрээс хэтэрсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр, дахин санал хураалт болохын өмнө тайлбар өгч, хэрүүл хийгээд суумааргүй байна. Угтаа бол би УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш баримттай яръя, баримт нотолгоогоо дэлгэе, тайлбар байвал хийгээч гэж олон удаа хэлсэн.

Миний хувьд маш олон гүжир гүтгэлгийн бай боллоо. Гэхдээ асуудлын үнэн мөн тогтоогдоно гэж бодож байна.

Одоо хэлэлцэж байгаа асуудлаар хэд хэдэн асуудал тодруулмаар байгаа боловч Уул уурхайн сайд алга байна. Олон лицензтэй холбоотой асуудлыг миний бие дэлгэн тавьсан. Нэр дэвшигчийн хамаарал бүхий этгээд, хамаатан садан, ах дүү нараараа нийлж хэчнээн их га газрыг эзэмшиж байгаа талаар баримт дэлгэсэн. Үнэхээр би худлаа хэлсэн эсэх талаар Засгийн газарт мэдээлэл байна уу?

Бид олон ажил хийж байгаагийн нэг нь Залуучуудын хөгжлийн тухай хууль. Уг хуульд залуучуудын орон сууцны асуудлыг нэлээд тодорхой оруулж ирсэн. Залуучуудыг хямд орон сууцаар хангах бодлогын хэрэгжилт хэр байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас тодруулахыг хүсч байна.

Үндсэн хуулийг өөрчлөх том ажлыг бид эхлүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгууль, дахин санал хураалт, наадам зэрэг үйл явдалтай давхцаж байгаа энэ үед Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хэлэлцүүлгүүд өрнөх нь.

Хэлэлцүүлгүүдэд ихээхэн ач холбогдол өгч, Үндсэн хуулийг оновчтой өөрчилснөөр улс төрийн зөв шийдэл, алхмуудыг хийх боломж бүрдэнэ.

Иргэд, олон түмний хүлээлт бол хэн Ерөнхийлөгч болох вэ гэхээс илүү Монгол Улсын төрийн тогтолцоо хаашаа явах вэ гэдэгт анхаарч байгаа учраас Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлтөд идэвхтэй ажиллаасай гэж хүсч байна. Хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор цахим хэлэлцүүлэг өрнүүлье гэж бодож байна. Учир нь зуны цагт цуглаж суугаад хуралдах боломж харьцангуй бага шүү дээ. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn