2017.07.03

Хүний, өөрийн гэлтгүй үг, үйлдэлдээ анхаарах цаг болжээ

2015, 2016, 2017 онууд тун онцлогтой жил болж өнгөрч байна. Сонгуулийн өмнөх жил, УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль гээд сүүлийн гурван жил дараалж улс төрийн үйл явц өрнүүн байна.

Сэтгүүл зүйд бусдын өмнөөс ярих, хов живийг эх сурвалжаа болгох, үзэл бодлоо тулгах, хүний хувийн нууцад халдах зэргийг ёс зүйн алдаанд тооцож, практик сэтгүүл зүйн багш нар сэтгүүлчээр суралцаж буй оюутнууд ийм алдаа гаргахгүй байхыг сайтар сануулдаг. Тэгвэл энэ нь зөвхөн сэтгүүлч ёс зүйтэй байх, байхгүйд биш улстөрчдөд ийм зарчим, ёс зүй баримтлахыг шаардаж байна.

Нэгд, Сонгуулийн өмнөх жил, сонгуулийн жилүүдэд “ард түмэн ингэж хүсч байна, ард түмэн шаардаж байна, олон нийт ингэж үзэж байна” гэж мэдэгдэл хийж, ярих нь бусдын өмнөөс ярьж байгаад тооцогдоно. Аливаад нэг өнцгөөс хандаж, асуудлыг туйлшруулдаг хэсэг бүлгүүд ихэслээ.

Хэн нэгэн хүнийг харлуулах гэж мянган удаа муулсан, хэн нэгэн хүнийг сайн болгож харагдуулахаар мянга магтаад ч яг үнэндээ ард түмний тархийг угааж чадахгүй. С.Эрдэнэболд, СУДЛААЧ 

Хэрэв Монголын ард түмний бүгдийнх нь эрх ашгийг төлөөлж ярих гэж байгаа бол гурван саяулангаас нь асууж байж бол. Үгүй бол нийгмийн энэ хэсгээс, хэдэн хүний дунд явуулсан судалгаагаар гэж байнга тоо баримттай ярих хэрэгтэй болохоос биш та болон таны эргэн тойрон юу гэж үзэж байгаа нь нийт нийгмийг төлөөлөхгүй шүү гэдгийг сайтар анхаар. Магадгүй таны, та бүхний судалгаа, тооцоололгүй хийсэн бүхэн танай тойргийн иргэдийн төлөө гэж та бодож байгаа ч бодит байдал дээр сөрөг үр дагавар үүсч болох учраас бусдын өмнөөс ярихыг урьдал болголгүй биднээс асуу. Тэгвэл бодит хариулт гарч ирнэ.

Хоёрт, хов живийг эх сурвалжаа болгох нь баталгаатай бус, найдаж үл болно гэсэн утгийг илэрхийлнэ. Тиймээс батлагдаж, нотлогдоогүй зүйлийг хэсэг бүлэг хүрээнд дэлгэж, нийтийг хамруулна гэж үзэж байгаа бол эндүүрэл. Эндүүрэгдсэн хов живнээс болж хүмүүсийн дунд талцал, үл ойлголцол, хий хоосон таамаглал дэвшигдэхээс өөр онцын зүйл болохгүй. Харин та бусдыг баталгаагүй мэдээллээр бөмбөгдсөөр байвал үнэ цэнэ нь улам буурсаар жинхэнэ бодит баримт дэлгэхийн цагт үнэлэгдэхгүй өнгөрөх вий дээ.

Ард түмнийхээ эсрэг ажилладаг, тэдний итгэлийг даахгүй  байгаа улс төрчийг муу ажилтан байна л гэж харах хэрэгтэй. Нэг үгээр улс төрч бол дарга биш. Н.Солонго, УЛСТӨРЧ

Гуравт, үзэл бодлоо тулгах. Энэ нь бусдын өмнөөс ярихтай агаар нэг мэт боловч илүү хор хөнөөлтэй. Та тэгж бодож байлаа гээд би тэгж бодно гэсэн үг биш. Хүнд үзэл бодлоо тулгаж, өөртэйгээ адил бусдыг ч бас тэгж боддог болгохын тулд асар их хүч, цаг хугацаа зарцуулахаас гадна тухайн хүн хэзээ нэг өдөр таны хүлээснээс тайлагдана гэдгийг ямагт санаж, иймэрхүү явуургүй арга бүү хэрэглэ.

Дөрөвт, хүний хувийн нууцад халдах бол маш том гэмт хэрэг. Та хэн ч байж болно. Би ч бас. Гэхдээ бид бүгд хувь хүн. Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг ч орчин үед тухайн хүний талаарх хувийн мэдээллийг маш олон арга, хэлбэрээр өөрийн гартаа оруулдаг болж. Гол нь нөгөө хүнийхээ эсрэг том зэвсэг болгон ашигладаг хэрэгсэл болжээ. Та өнөөдөр хэн нэгний хувийн нууцыг дэлгэлээ гэж бодъё. Гэхдээ танд бас нууц байгаа гэдгийг санах хэрэгтэй. Таны нууц хэзээ нэг өдөр дэлгэгдэхгүй гэх газаргүй. Тиймээс бусдын мууг үзэж, гэр бүлийнх нь үйлийг үзэх хэрэггүй.

Мөнгөтэй л бол улс төрд ороход хялбар бөгөөд өөрийн хүссэн албан тушаалд хүрч болдог юм байна гэж ойлгосон хэсэг нөхөд төрд гарсан нь тун харамсалтай. М.Болормаа, ЭМЭГТЭЙ УДИРДАГЧ САНГИЙН ТЭРГҮҮН

Сүүлийн гурван жил сонгуульдсаар залхаж, улстөрчдийн нэг нэгэн рүү дайрч давшилсан, үнэн худлыг ялгаж салгах боломж өгөхгүй байгаа нь арай биднийг “бөмбөг” гэж үзсэнийх биш биз. Нэг нэгэн рүүгээ шидэлцэж, хүн гэж тоохгүй байна уу? Эцсийн бүлэгт сонгогчид та бүхэнтэй улс төрийн хариуцлага тооцдог гэдгийг санах хэрэгтэй.

Өнгөрсөн дөрвөн жилд засаг барьсан намынхан, одоогийн эрх баригчид, УИХ-ын гишүүд, сайд нар үг, үйлдэлдээ анхаарах цаг нь болж. Жил тутамд нийгэм хувьсан өөрчлөгдөж, та бүхний хэрэглэдэг бохир технологи улам суларсаар байна.

Шударга ёсыг хүсэгчид олширч, хууль бусчидтай тэмцэх тэмцэл ширүүсч байна. Тиймээс сонгуулиас сонгуулийн хооронд нэг нэгнийхээ фактад тулгуурлаж нухчин дарахыг оролдох бус бодлогоос бодлогын хооронд өрсөлдөж, гишгэсэн мөрөө эргэн харж, хэлэх үг, хийх үйлдэлдээ дээр дооргүй, хүний, өөрийн гэлтгүй анхаарч, зөв үлгэр дууриал үзүүлэхийг хичээе л дээ. Учир нь та бүхнийг бидний ирээдүй болсон хүүхэд, залуучууд харж, дууриаж, өсөж том болж байна. 

Улстөрчид уучлалт гуйдаг соёлд суралцах хэрэгтэй байна. Хэрэв алдаа хийсэн бол уучлаарай миний буруу гээд хэлчихдэг байх хэрэгтэй. Ж.Баттөр, улс төр судлаач

Ер нь аливаа зүйл савнаасаа хальж, хэр хэмжээнээсээ хэтрэхээрээ маш том сул тал болж, бусдын олз болон эцэстээ толгойгоо цусдах нь бий. Худал, үнэнээс үл хамаарч нийгэмд буруугаар ойлгогдсон л бол түүний араас мянга хашгичаад нэмэргүй байдаг. Тиймээс дахин хэлэхэд улстөрчид үг, үйлдэлдээ анхаарах цаг нь болсныг улс төрд өрнөж буй үйл явцаас бэлхнээ харж болохоор байна. Заавал өөрөө алдаж байж ухаарах бус бусдын алдаанаас суралцаж болно шүү дээ.