Д.Оюунхорол: Хүүхдийн мөнгө эмзэг асуудал учраас нийгмийн захиалгыг судалж шийдвэр гаргах нь чухал
2010.05.12

Д.Оюунхорол: Хүүхдийн мөнгө эмзэг асуудал учраас нийгмийн захиалгыг судалж шийдвэр гаргах нь чухал

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Сүүлийн үед хүүхдийн мөнгөний талаар ярих боллоо. Энэ асуудлаар ярилцлагаа эхэлье?

-Нийгмийн хамгааллын чиглэлээр олгож байсан хүүхдийн мөнгө ядуурлыг бууруулахад багагүй хувь нэмэр болж байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хүний хөгжил сангийн тухай хууль гарсантай холбогдуулаад эх, хүүхдэд мөнгөн тэтгэмж үзүүлэх тухай хуулийг хүчингүй болгосон. Амьдрал дээр хамгийн шударга хуваарилалтаар хүүхдээр нь дамжуулж өрхийг дэмжиж байсан бодлого мөн. “Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгооч ээ” гэсэн санал нийгэмд байна. Энэ асуудлыг судлахаар УИХ-ын даргын захирамжаар Нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох талаар хууль эрх зүйн орчинг бий болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Бүрэлдэхүүнд нь миний бие болон УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Р.Буд, Р.Гончигдорж, Д.Дондог зэрэг гишүүн багтаж байгаа.

-Ялгаваргүйгээр олгох санал олон нийтээс гарч байна. Гэтэл та ялгавартайгаар өгөхийн төлөө дуугараад байгаа шүү дээ?

-Иргэдээс гарч буй санал хоёр талтай байна. Нэг хэсэг нь “Ялгавартайгаар олгооч ээ” гэсэн саналтай байна. Эмзэг, ядуу, нэн ядуу, өрх толгойлсон, олон хүүхэдтэй эхчүүд, аавуудад илүү хувь, хэмжээтэй мөнгөн тэтгэлэг олгохыг санал болгодог. Өөрөөр хэлбэл, илүү хэрэгцээтэй байгаа эзэнд нь хүргээч ээ гэсэн хүсэлт бий. Нөгөө хэсэг нь “Бид татвар төлөгчид учир бидний хүүхэд ч гэсэн төрөөс өгч буй хүүхдийн мөнгийг авах ёстой” гэж үздэг. Өөрөөр хэлбэл, ялгавартайгаар бус хүүхдэд жигд тараагаач ээ гэсэн хоёр хувилбарыг яриад байгаа юм. Энэ өөрөө их эмзэг чухал асуудал учраас миний санал бодлыг биш нийгмийн захиалгыг судалж үзэж шийдвэр гаргах чухал.

-Ер нь хүүхдийн мөнгийг манай улсын хэмжээгээр хэчнээн хүүхэд авдаг байсан бэ?

-Нийгмийн халамжийн арга хэмжээнд зарим нийтлэг тэтгэмж, тусламжийг олгож эхэлснээр 2004-2008 онд зарцуулсан хөрөнгө 23,1-218,6 тэрбум төгрөг болж 9,5 дахин, түүнд хамрагдсан хүний тоо 378,7 мянгаас 1,6 сая болж 4,2 дахин нэмэгдсэн. Гэсэн хэдий ч Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар ядуурлын түвшин 2004 онд 36,4 хувь байсан бол 2007 онд 35,2 хувь болж буурсан нь нийгмийн халамжид зарцуулж байгаа хөрөнгөтэй харьцуулахад ядуурлын бууралтын хэмжээ маш хангалтгүй байсан. Статистикийн сүүлийн тоо баримтаас харахад улсын хэмжээгээр 0-18 насны 932 мянган хүүхэд байдаг юм байна. Эдгээрт сар бүр 10 мянган төгрөг өгнө гэж үзвэл хөлийн дүнгээрээ ойролцоогоор 111 тэрбум 840 сая төгрөг болох юм билээ.Өрхийн нийгэм эдийн засгийн 2007-2008 оны судалгааны дүнгээс үзэхэд Монгол Улсад 930 мянга гаруй хүн ядруухан бага орлоготой амьдарч байгаа бөгөөд 100 хүн тутмын 35 нь наад захын шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээгээ хангах чадваргүй байна гэсэн статистик судалгаа гарсан байна лээ.Ядуурлыг бууруулах зорилгоор ядуу өрхийн амьжиргаанд дорвитой нөлөөлөх шинэ тусламж, үйлчилгээг бий болгохын тулд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа учраас нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд тэтгэмж олгох журмыг боловсруулж асуудлыг шийдвэрлэж болох юм гэж үзэж байна. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай буюу тэтгэмжид хамруулах ядуу өрхүүд нь ихэвчлэн ам бүл олуулаа, олон хүүхэдтэй байгаа нь ялангуяа “хүүхдийн мөнгөний хөтөлбөр”-ийг орлуулах боломжтой юм болов уу гэж бодож байна.

-Хүүхдийн мөнгийг болиулахын төлөө дуугарсан гишүүдийн нэг нь С.Бямбацогт. Тэр хүн хувьдаа архи импортолдог компанитай. Тиймээс иргэд “Ааваас нь архи харамлаагүй хэрнээ хүүхдээс нь мөнгө харамладаг нь ямар учиртай юм бэ” гэж гоморхож байсан. Таныг хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэхэд иргэд их эмзэг хүлээж авлаа?

-Өмнө нь хүүхдийн мөнгийг олгож байхад авдаг нэг хэсэг байхад авдаггүй нэг хэсэг бас байсан. Боломжийн амьдралтай хүмүүс нь энэ мөнгийг хөөцөлдөж авдаггүй байсан учраас дансны үлдэгдэл нь ойролцоогоор 20 гаруй тэрбум төгрөгний үлдэгдэлтэй байсан. Тэгэхээр хууль маань өөрөө оновчгүй байсан гэдэг дүгнэлтийг хийж болно. Энэ алдааг засах ёстой. Одоогоор ажлын хэсэг хуралдаж энэ асуудлаар ярилцаж, тодорхой шийдвэрт хүрээгүй байна. Тооцоо, судалгаа хийж ямар ч байсан гэр бүл, хүүхдийг дэмжсэн ямар бодлого явуулах нь зөв бэ гэдэг асуудлаар ярилцаж байна. Олгохоо больсон хүүхдийн мөнгийг олгуулах санаачилгыг би гаргалаа. Энэ санал дэмжигдсэн. Давс хужрыг нь тунгааж байж ялгавартай, ялгаваргүй нь хамаагүй хүүхдийн мөнгийг олгох л чухал байна.

-Ардчилсан намынхан “Бидний гаргасан санаачилгыг МАХН өөртөө хаяглах боллоо” гэж дурамжхан байгаа. Үнэхээр ч энэ намынхан 2004 оны УИХ-ын сонгуульд хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгнө гэсэн уриатайгаар оролцож, үүнийгээ ч биелүүлсэн. Харин та Ардчилсан намынхны энэ байр суурийг юу гэж үзэж байна вэ?

-Иймэрхүү утгатай зүйл ярьж байгаа Ардчилсан намын гишүүдтэй би санал нийлдэггүй. Төрөөс авч хэрэгжүүлж буй нийгмийн халамжийн бодлогыг аль нэг намд хаяглах нь үнэхээр зохимжгүй. Өрхөд очиж буй мөнгөн тусламж хэн нэг улстөрчийн эсвэл аль нэг намын халааснаас бус төрөөс иргэддээ үзүүлж буй тус, дэм гэж ойлгох хэрэгтэй. Ер нь бол төрийн халамжийг хүртэх ёстой иргэд нь хүртэж байвал хэн автор байх нь чухал биш биз дээ.

-Сэдвээ өөрчлөөд нэг зүйл тодруулъя. Та сонгуулийн аль системийг нь зөв гэж үздэг вэ?

-Сонгуулийн системийг өөрчлөх нь зөв. Монгол Улс сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг улс болчихоод байнаа даа. Баг, сум, аймгийн иргэдийн хурлын сонгууль, Засаг дарга нарын сонгууль, УИХ-ын сонгууль, дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль гээд бөөн сонгууль, дараа нь нөхөн сонгууль гээд баахан сонгууль болж төсвийн мөнгө үрсээр байна. Монголын Парламентийн 20 жилийн түүхийг эргээд харахад мажоритар системээр сонгууль явуулахад сонгогчдын санал маш ихээр гээгддэг, тойргоосоо хэт хамааралтай гишүүдтэй болж байна уу даа гэж боддог. Сонгуулиас сонгуульд мөнгөний амлалт, тойрогт хийх хөрөнгө оруулалтын хэмжээ хэрээс хэтэрч байгаад олон нийт ч гэсэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Тийм болохоор энэ тогтолцоо нь их эрсдэл дагуулдаг нь харагдаад байна. Манайд хамгийн эрсдэл багатай илүү тохирох систем бол хувь тэнцүүлсэн төлөөллийн буюу пропорциональ тогтолцоо байж болох юм шиг.

Пропорциональ системийг авангуут бүх юм сайн сайхан болно гэж байхгүй л дээ. Харьцангуй сонгогчдын санал гээгдэхгүй, улс төрийн намуудын хариуцлага өндөржих болов уу гэж ойлгож байгаа. Өнөөдрийн улс төрийн намуудад нүүрлэчихсэн хямралыг даван туулахад нэг гарц мөн болов уу гэж бодож байгаа юм. Долоон хувийн босго тавьж байгаад зарим улс төрийн намууд шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ улс төрийн намууд хариуцлагатай болох нь л чухал. Зарим намууд суудал авахын тулд эвсэх явдал ч гарч магадгүй. Одоогийн өргөн барьсан төсөл нь Монгол улс нэг тойрог, нэг хүн, нэг санал өгөх зарчмаар улс төрчдийг ард түмнээр эрэмбэлүүлэхээр өргөн барьсан, энэ нь илүү шударга ёсонд нийцнэ гэж бодож байна. Гэхдээ сонгуулийн хууль их л яригдаж байж эцэслэн шийдвэрлэгдэнэ. Гишүүд ч гэсэн олон янзын хувилбарыг ярьж байгаа.

-Санал тоолох үед хамгийн их будлиан гардаг. Үүнийг хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?

-Сонгуулийг хамгийн их будлиантуулдаг үе нь санал тоолох үе байдаг. Үүнээс болж зарим тойргийн маргаан бүтэн жил үргэлжилсэн шүү дээ. Энэ бүхнийг нэг мөр цэгцлэх зорилгоор сонгуулийн санал тоолох аргыг хүний гар хүрэхгүйгээр тоолдог болгохоор тусгасан байгаа. Мэдээллийн технологи хөгжсөн эринд амьдарч байгаагийн хувьд хөгжилтэй орнуудын туршлагыг дуурайж автоматжуулсан хэлбэрээр санал хураадаг болгохоор тусгалаа. Сонгуулийн санал авах өдрийг амралтын өдөр биш ажлын өдөр болгох саналыг оруулж, 7.00-20.00 цагийн хооронд саналаа өгөх бөгөөд үүнээс өмнө болон хойно өгсөн саналууд аль нь ч тоологдохгүйгээр автоматжуулсан байхаар тусгасан.

-Энэ тохиолдолд гэрээр явж авдаг саналыг яах вэ?

-Сонгуулийн хэсгийн хорооноос хэвтэрийн өвчтэй болон шалтгаантай сонгогчдыг тухайн үед нь санал өгөх боломжоор хангаж болно биз дээ. Учир нь явуулын хайрцгаар санал авах чинь бас л нэг будлиан үүсгэдэг шүү дээ.

-Зардал их орно шүү дээ?

-Тэгэх байх аа. Саналын хайрцаг нь нэлээд үнэтэй байх болов уу. Сонгуулийн будлиан, хэрүүл маргаан хэдэн сараар үргэлжилж байснаас хэдэн төгрөг гаргаад асуудлыг нэг мөр шийдэх нь илүү дээр биз ээ. Нэг хэрэглээд хаячихгүй сонгууль бүрээр ашиглана. Хэдэн зуун сая хүн амтай том улс гүрнүүд ийм л технологийг ашиглаад сонгуулиа будлиангүй шуурхай явуулж чадаад л байна.

-Намын шинэчлэл гэж МАХН-ынхан их ярьдаг. Гэтэл сүүлийн үед танай намын лидерүүд байсхийгээд “боевикддог” боллоо. Сүүлдээ бүр Хууль зүйн сайд ийм асуудалд нэр нь холбогдлоо. Энэ чинь нөгөө та бүхний яриад байгаа намын шинэчлэл мөн үү?

-Хэн хэнтэйгээ боевикдсоныг би нүдээрээ хараагүй. Сонин хэвлэлээс л дуулсан. Ажил төрлөөс болоод гишүүд хоорондоо маргах үе гарч л байдаг. Хүмүүсийн харилцааны асуудлыг манай намын шинэчлэл, нэр хүндтэй холбож ойлгох хэрэггүй.Б.Уянга

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.