Энхбаяр.Ж 2017.07.05 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

ОБЕГ, Цөмийн энергийн комисс зэрэг байгууллагын санхүүгийн тайланд аудит хийлгэхийг үүрэгдлээ

ОБЕГ, Цөмийн энергийн комисс зэрэг байгууллагын санхүүгийн тайланд аудит хийлгэхийг үүрэгдлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.07.04) хуралдаан 14 цаг 32 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж,  хэд хэдэн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг яам, агентлаг, төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид, холбогдох албан тушаалтнууд болон Үндэсний аудитын газрын төлөөллүүд оролцсон юм.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа тогтоолын төслийн талаархи танилцуулгадаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нь нэгтгэн гаргаж, аудитын дүгнэлт хийлгэсэн. Энэ ажиллагаанд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1689 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 5097 төсөвт байгууллагууд, Хүний хөгжлийн сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэн гаргасныг дурдлаа.

Танилцуулгаас үзэхэд Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 5.8 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 405.9 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 9.5 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 496.8 тэрбум төгрөгөөр дутуу гарчээ. Харин нэгдсэн төсвийн тэнцэл 3 их наяд 660.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 15.3 хувьтай тэнцэж байгаа аж. Мөн Монгол Улсын 2016 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 3.9 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 327.9 тэрбум төгрөгөөр буюу 9.2 хувиар давж, улсын төсвийн зарлага 7.4 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 355.4 тэрбум төгрөгөөр буюу 4.6 хувиар бага байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2016 онд 9,495.3 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 5.0 хувь буюу 496.8 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагджээ.

Дэд сайд мөн тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарагддаг яам, агентлаг, төрийн байгууллагуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл, төсвийн орлого, зарлагын зарцуулалтын талаар товч танилцуулсан юм.

Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанд оролцсон Үндэсний аудитын хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар Засгийн газраас ирүүлсэн Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгасан 5 их наяд 835.0 тэрбум төгрөгийн орлого, 9 их наяд 495.3 тэрбум төгрөгийн зарлагын гүйцэтгэлийг аудитаар баталгаажуулснаас гадна Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн талаар танилцуулав. Мөн тэрбээр тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний салбаруудын төсвийн гүйцэтгэл, төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтээс танилцуулсан юм.

Тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг байгууллагууд 2016 онд төсвийн зохих хэмнэлтүүд гаргаж ажилласан, Онцгой байдлын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэсэн, харин Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны санхүүгийн зарим тайланд аудитын байгууллага хязгаарлалттай дүгнэлт өгсөн, энэ нь гол төлөв худалдан авах ажиллагаанаас үүдэлтэй зөрчлүүд байгаа. Иймээс илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах үүднээс холбогдох байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч нарт зөвлөмж, албан шаардлага хүргүүлсэн, хэрэгжилтийн тайлангаа ирэх наймдугаар сар гэхэд ирүүлсэн байх учиртай гэдгийг тэрбээр хэллээ.

Тогтоолын төслийн танилцуулга, Үндэсний аудитын газрын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Я.Санжмятав, Ц.Мөнх-Оргил, Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар нар Сангийн дэд сайд, Үндэсний аудитын газрын дарга болон төсвийн ерөнхийлөн захирагчдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.  Хуралдааны эцэст Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарагддаг Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цөмийн энергийн комисс зэрэг байгууллагуудын 2016 оны санхүүгийн тайланд үр дүнгийн гүйцэтгэлийн аудит хийж ирэх намрын чуулганы эхэнд Байнгын хороонд танилцуулах чиглэлийг Үндэсний аудитын газрын удирдлагуудад өгсөн юм.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.