Авто зам болон тээврийн хэрэгслийн зохицуулалтын тухай конвенциудад нэгдэн орох шаардлагатай гэв
2017.07.05

Авто зам болон тээврийн хэрэгслийн зохицуулалтын тухай конвенциудад нэгдэн орох шаардлагатай гэв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.07.04) хуралдаан 14 цаг 32 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж,  хэд хэдэн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Дугуйт тээврийн хэрэгсэл, дугуйт тээврийн хэрэгсэл дээр суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмжүүд болон эд ангид зориулсан техникийн нэгдсэн шаардлагыг батлах тухай, эдгээр шаардлагыг үндэслэн олгох албан ёсны баталгаануудыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцлөө. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулсан юм.  

Автозамын тээвэр болон тээврийн хэрэгслийн зохицуулалтын тухай НҮБ-ын 58 конвенц, хэлэлцээр байдгаас Монгол Улс “Замын хөдөлгөөний тухай конвенц”, “Замын дохио тэмдгийн тухай конвенц”-д тус тус нэгдэн орсон бөгөөд одоо бусад 4 хэлэлцээрт нэгдэж орох шаардлагатай байгаа аж.

Иймээс Монгол Улс автомашин үйлдвэрлэгч, автомашины сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэн экспортлогч болох стратегийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд НҮБ-ын чухал 4 хэлэлцээрийн нэг болох 1958 оны “Дугуйт тээврийн хэрэгсэл, дугуйт тээврийн хэрэгсэл дээр суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмжүүд болон эд ангид зориулсан техникийн нэгдсэн шаардлагыг батлах тухай, эдгээр шаардлагыг үндэслэн олгох албан ёсны баталгаануудыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр”-т нэгдэн орох нь зүйтэй гэж Засгийн газар үзээд уг асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр оруулж ирсэн байна.

Манай улс энэхүү хэлэлцээрт нэгдэн орсноор дугуйт тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, байгаль орчны нөлөөллийн үзүүлэлтийг сайжруулж, олон улсын худалдааны техникийн саад тотгорыг арилгахад их ач холболдолтой гэж Засгийн газар үзэж байгаа.  

Мөн дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг олон улсад тавигдаж буй хийц, аюулгүй байдлын болон ашиглалтын бүхий л цогц шаардлагын дагуу үйлдвэрлэж, улмаар экспортлох боломж үүснэ.

Түүнчлэн бусад улсад үйлдвэрлэсэн дугуйт тээврийн хэрэгсэл, түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг өөрийн улсад ашиглах нөхцөлийг хөнгөвчлөх боломж бүрдэх юм гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд илтгэлдээ дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ. Иймээс энэ тухай Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.