УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2017.07.05

Л.Энх-Амгалан: Төсвөө сахилгажуул, өрийн дарамтаасаа гар гэж ОУВС-гаас шаардсан шүү дээ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс ОУВС-гийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асууж тодрууллаа. 

Богино хугацаанд зөв бодлого явуулж, улс төрийн хувьд тогтвортой байж чадвал үр дүнд хүрдэг гэдгийг нотолсон тоо баримт хэлж байгаад баяртай байна. Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна.

Нэг талаас Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг юм бэ, нөгөө талаас Монгол Улсын эдийн засаг ямар жижиг юм бэ гэдгийг харуулж байна л даа. Өнгөрсөн дөрвөн жилийн эдийн засгийн алдаатай бодлогоос болж богино хугацаанд хамраараа газар шааж болдгийг бүгд харлаа. Ард иргэд л энэ бүхний төлөөсийг төлж байна.

4,3 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт ордог байсан эдийн засаг шүү дээ. Гэтэл стратегийн хөрөнгө оруулагчдыг хориглох ганцхан хууль батлах төдийд гадаадын хөрөнгө оруулалт 100 дахин багасч, 40 хүртэл сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгддэг болсон байна.

ОУВС-тай тохирсон хөтөлбөрөөр бол нэгд, төсвөө сахилгажуул, хоёрт өрийн дарамтаасаа зөв бодлого явуулж гар гэсэн хоёр гол нөхцөлтэй гэж ойлгож байгаа. Эдийн засгийн өсөлт 4,2 хувьтай байна. Төсвийн алдагдал буурч, өрийн зөв менежмент явуулсан учраас 410 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах боломж бий болж байна гэдэг бол сайхан мэдээ байна. Энэ бодлого цаашид тогтвортой хэрэгжих ёстой. Бодлогоо тууштай хэрэгжүүлэхэд улс төрийн тогтвортой байдал чухал.

Эдийн засгийн өсөлт нь уул уурхай, эрдэс баялгаас хамааралтай байгаа энэ нөхцөлд энэ салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийг явуулахын тулд төмөр зам, дэд бүтцээ цаг алдалгүй шийдэх ёстой. Ойрын хугацаанд орж ирэх 3 тэрбум ам.долларын санхүүжилтийг эдийн засгаа солонгоруулах, хамгийн гол нь дэд бүтцийг барьж байгуулах чиглэлээр ямар ямар төсөл, хөтөлбөрийг энэ жил эхлүүлэх вэ?

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол 2020 он хүртэл хэрэгжинэ. УИХ-д үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулахдаа эхний хоёр жил эдийн засгийн хүндрэл, өрийн дарамтаас гаръя, дараагийн хоёр жилд эдийн засгийн өсөлт бий болж, Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлэх, Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлыг шийдвэрлэнэ гэсэн зорилт дэвшүүлсэн байдаг.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

Ажлын байр нэмэгдүүлж, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний дүнд эдийн засгийн өсөлт гарах болно. Манай Засгийн газрын хувьд үйлдвэрлэлтийн бодлогоо тодорхойлж дуусах гэж байна. Уг бодлогын хүрээнд 21:100 хөтөлбөрийг хэрэгжүүлсэн төлөвлөсөн. Энэ хөтөлбөрийн гол санаа нь 21 аймагтаа 100 үйлдвэр байгуулах юм. Ингэхийн тулд тус үйлдвэрүүдэд ажиллах хүчнээ бэлтгэх ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцаж, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн бодлогоо салбар яамд боловсруулж байна.

21:100 хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд малаа эрүүлжүүлнэ гэсэн зорилтыг тавьсан. Малыг эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлснээр малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэнэ. Өнгөрсөн жилүүдэд малын өвчлөл ихтэй учраас Монголын мах махан бүтээгдэхүүн хийгээд арьс ширэн бүтээгдэхүүнүүдийг авахгүй гээд хориг тавьсан байв. Тиймээс махаа экспортлоё гэж бодож байгаа бол малаа эрүүлжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд мах, сүүний үйлдвэрүүдийг аймаг, орон нутагт байгуулах талаар Япон улсад хийсэн айлчлалынхаа үеэр Японы компанитай хамтран хуурай сүүний үйлдвэр байгуулахаар тохиролцсон. Энэ бүхний эхлэл болгож, Хөвсгөл аймагт анхны хуурай сүүний үйлдвэр байгуулагдсан. Цаашид энэ чиглэлийн үйлдвэрүүдийг Монгол Улсын аймаг, сум болгонд байгуулж, малтай иргэдийн сүүг худалдан авах, боловсруулах процесс явагдана.

Уул уурхайн салбар эдийн засагт чухал нөлөөтэй байгаа хэдий ч цаашид эдийн засгаа төрөлжүүлэх бодлого барьж байна. Эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлнэ гэж тооцсон. Хөгжлийн банкнаас олгох санхүүжилтийг зөвхөн эдийн засгаа дэмжсэн тэр дундаа бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөрт зориулахаар шийдвэрлэсэн.