Засгийн газарт чиглэл өгөх тухай НББСШУ-ны байнгын хороо хоёр тогтоолыг баталлаа
2017.07.05

Засгийн газарт чиглэл өгөх тухай НББСШУ-ны байнгын хороо хоёр тогтоолыг баталлаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.07.05/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл даргалан явуулсан.

Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталлаа.

Уг тогтоолд нийслэлийн цэцэрлэггүй 25 хороонд цэцэрлэг барих асуудлыг 2017-2019 онд үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн 75 цэцэрлэг, хөдөө орон нутгийн нэн шаардлагатай цэцэрлэгт өргөтгөл хийх, хувийн хэвшлийн болон байгууллагын цэцэрлэгийг барих санаачлагыг дэмжиж, урт хугацаатай бага хүүтэй зээл олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх, улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон цэцэрлэгийг буулгаж, газрын байршил, зориулалтыг өөрчлөхгүйгээр шинээр барих талаар тусгажээ. Түүнчлэн хувилбарт сургалт буюу хөдөө, орон нутагт сургуулийн өмнөх боловсрол олгох явуулын сургалтыг хамрах хүрээг өргөжүүлэх, шинээр барих цэцэрлэгийн хүчин чадлыг тухайн орон нутгийн хүн амын тоо, өсөлтийг харгалзан тогтоох, газрын асуудлыг шийдвэрлэх, цэцэрлэгийн хүүхдийн хоолны стандартыг мөрдүүлж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, хяналт ажиллах, цэцэрлэгт хамруулах насыг 3-5 нас болгож өөрчлөх талаар судлан, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Засгийн газарт чиглэл болгосон байна.

Мөн Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах шуурхай  арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон Байнгын хорооны дараагийн тогтоолыг хэлэлцэн баталсан. Дээд боловсролын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр, Засгийн газраас дүрэм, журам, тогтоол гарган хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр, Боловсролын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааны чиглэлээр, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон бөгөөд Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс хийх ажлын төлөвлөгөө гаргаж, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон улсын төсөвт тусгахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Сангийн сайд нарт даалгасан байна.