Нямбаатар.Х 2017.07.05

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хүмүүжигчдийг суллах үйл ажиллагаа явагдаж байна

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хүмүүжигчдийг суллах үйл ажиллагаа явагдаж байна

Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс хүнд байвал дүйцүүлэн хасах шийдвэрийг анхан шатны шүүхүүд долдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн гаргаж байна.

Үүнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхийн байгууллагад 4727 хүмүүжигчийн материалыг хүргүүлсэн бөгөөд 62 шүүх бүрэлдэхүүн дээрх хүмүүжигчдийн материалыг судалж, ялаас чөлөөлөх болон хасах асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаа 7 дугаар  сарын 3-ны өдрөөс эхлэн хотын бүсийн болон орон нутаг дахь хорих анги, шийдвэр гүйцэтгэх албадад явагдаж байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн, эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар болон Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү зэрэг ажлын хэсгийн гишүүд хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хүрээнд 7 дугаар сарын 3-ны өдөр  Хорих 405, 407, Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангиудад ажилласан юм.

0704-01

Эрүүгийн хуулинд баривчлах ялыг бүр мөсөн халсан бөгөөд ялын тэгшитгэлийг хангаж, баривчлах ялтай 52 хүмүүжигч Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангиас суллагдав. Улсын хэмжээнд баривчлах ялтай 152 хүмүүжигч байгаагаас 52 нь Улаанбаатар хотод, 100 нь орон нутгаас  суллагдаж байна.

Суллагдсан иргэд Цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, судалгаанд хамрагдаад хурууны хээгээ бүртгүүлнэ. Мөн суллагдсан иргэдийг орон нутагт хүргэх ажлыг ШШГЕГ-аас нэгдсэн байдлаар зохион байгуулж ажиллах юм.

Үүний дараагаар Хорих 407 дугаар ангид ажиллав. Тус ангид  БЗД-ийн Эрүүгийн хэргийн шүүгч Н.Одонтуул ажиллаж байсан бөгөөд тус өдрийн 12.00 цагийн байдлаар зургаан хүмүүжигч ялаас чөлөөлөгдсөн бол тухайн өдөр 88 ялтан суллагдсан байна.

0704-02

Гурав дахь нь Хорих 405 дугаар анги буюу гянданд ажиллав. Тус ангид мөн 200 гаруй хүмүүжигч ял эдэлж байгаа бөгөөд шинэ хуулиар хорих ялын дээд хэмжээ 20 жил болсон учраас биеэр 20-иос дээш жил эдэлсэн хүмүүжигчдийн ялыг дүйцүүлэн ял эдэлсэнд бүрэн тооцож, нэн даруй суллах шийдвэрийг шүүхээс гаргаж байсан юм.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Х.Нямбаатар хорих ангиудад ажиллах үеэрээ суллагдаж байгаа иргэд болон ялын хэмжээ буурч байгаа хүмүүжигчдэд хандан “Хүн болгон хуульд захирагдаж амьдардаг гэдгийг та бүхэн маань энэ хугацаанд ухаарч ойлгосон байх гэж бодож байна. Цаашид нийгмийн эрхзүйн эсрэг үйлдэл гаргахгүй, Төр шийдвэрээ гаргаж, үйлдсэн гэм бурууг чинь өршөөж байгааг чин сэтгэлээсээ ойлгож, цаашид зөв амьдраарай гэж хүсч байна” хэмээн захив.

Эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар