Багшийг хөгжүүлэхийн төлөө цуцахгүй
УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.07.06

Багшийг хөгжүүлэхийн төлөө цуцахгүй

УИХ-ын гишүүн Н.Учрал 10 орчим жил Их засаг олон улсын их сургууль, Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн удирдах түвшинд ажиллаж байсан. Тиймээс боловсролын салбарын талаар, энэ салбарт тулгамддаг асуудлуудыг сайн мэднэ.

Тэрээр яавал боловсролын чанар сайжрах хийгээд багш нарыг сайн ажиллуулах талаар эрэл хайгуул хийсний дүнд мэдлэг, чадвараараа олон улсад өрсөлдөх чадвартай, хүмүүжил, төлөвшил сайтай хойч ирээдүйг бэлтгэхэд багш хүн маш чухал нөлөөтэй гэж харжээ.

Хууль санаачлагч төслөө хаврын чуулганаар амжиж дэмжүүлэн, намрын чуулганаар эцэслэн батлуулахын төлөө тууштай ажиллаж байна. Багшийг хөгжүүлэхийн төлөө, тэдэнд тулгамдсан асуудлыг төрийн түвшинд шийдвэрлэхийн төлөө ажиллаж буй УИХ-ын гишүүн Н.Учралыг “Маш чухал хүн”-ээр онцоллоо.

2012 оноос эхлэн багшийн хөгжлийн тухай асуудлыг зайлшгүй хуульчлах шаардлагатай гэж үзээд олон төрлийн хэлэлцүүлэг, чуулган зохион байгуулж, түүндээ багш нарыг татан оролцуулж, тэдний санаа бодлыг тусгасан баримт бичиг боловсруулжээ.

Ингээд 2016 онд парламентын гишүүн болж, хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд энэ оны 6 дугаар сарын 15-нд Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Нэг ёсондоо багш нартай хамтран дөрвөн жилийн хугацаанд боловсруулсан төслө гэсэн үг. УИХ-д өргөн мэдүүлээд байна. Уг хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм.

Н.Учрал хуулийн төсөлдөө багшийн хөгжлийг дэмжих тогтолцоо, түүн дотроо багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, төлөвлөгөө, багшийг бэлтгэх шат дамжлагын талаар тусгажээ. Бүх шатны боловсролын байгууллага багшийг хөгжүүлэхэд онцгой анхаарч, тэднийг хөгжихөд нь зориулж олон төрлийн сургалт хийж, хөгжлийн төвийг байгуулах үүрэг хүлээж байна.

Багш өөрөө ч өөрийгөө хөгжүүлж, болосролын салбар дахь оролцоогоо нэмэгдүүлэх ёстой. Багш хэмээх эрхэм алдрыг үргэлж өндөрт өргөж, ажилдаа хариуцлагатай, ёс зүйтэй хандаж, нэр хүндтэй байх талын зохицуулалтыг ч хуулийн төсөлд оруулсан байна.

Багшийг яаж хөгжүүлэх вэ, түүнд төрийн байгууллагуудын ямар үүрэгтэй вэ, хуулийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих гээд багшийн хөгжлийн тухай цогц асуудлыг тусгасан төсөл болжээ. 

Багш нарыг боловсролын ахисан түвшний болон богино хугацааны сургалтад хамруулж, эрдэм шинжилгээний багт ажиллуулснаар тэдний мэдлэг, ур чадвар дээшилж, туршлагажна гэж УИХ-ын гишүүн Н.Учрал үзэж байна. Багш гэдэг хүнд ажил. Хүнд ажлыг хөнгөвчлөхийн тулд олон хүүхэдтэй ангид туслах багш нэмж ажиллуулах талаар хуулийн төсөлд тусгасан нь хүүхэд бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол олгох нэг түлхүүр юм.

Энэ салбарт туршлагатай ажиллаж байгаа багшийг нэг талаар урамшуулах, нөгөө талаар улам чадваржуулах зорилгоор 5, 10, 15 дахь жилдээ ажиллаж байгаа багшийг улсын, хувийн сургуулийнх гэдгээс үл харгалзан мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах зардлыг улсын төсвөөс хариуцна гэж заажээ.

Багш зөвхөн гадуур сургалтад хамрагдаад зогсохгүй ажлын байран дээрээ хөгжих боломжтой гэж үзээд боловсролын байгууллага бүр Багшийн хөгжлийн төвтэй байна, уг төвийг сургуулийнхаа материаллаг бааз сууринд түшиглэн байгуулна гэж заасан нь одоогийн практикт хэрэгжиж буй туршлагыг албан ёсныжуулсан байна.

Багш бол хөгжлийн гарц байтал багш мэргэжлийг сонгох нь улам багасч байна

Тиймээс зах зээл дэх багшийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлаж, шаардлагатай гэж үзвэл багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгож болно гэж заажээ.

Түүнчлэн одоо энэ салбарт ажиллаж буй багш нар ч Засгийн газрын нэрэмжит тэтгэлгээр гадаад оронд суралцах боломжийг уг хуулийн төсөлд нээж өгчээ. Багш өөрөө зүтгэлтэй, хөгжих хүсэл эрмэлзлэлтэй бөгөөд магистр, докторын өдрийн ангид суралцаж байгаа бол амьжиргааны баталгаажих түвшинтэй тэнцэх хэмжээний тэтгэлэг олгож болно гэж заасан нь хөгжлийн нэг баталгаа болж байна.

Зөвхөн багшийн боловсрох, хөгжих хэрэгцээг хангаад зогсохгүй эрүүл байх, орон сууцаар хангагдах хэрэгцээг ч хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, хөдөө орон нутагт 5 болон түүнээс дээш жил тогтвортой ажиллаж байгаа багшид 30 хүртэлх сая төгрөгтэй тэнцэх орон байрны дэмжлэг үзүүлнэ. Багш өөрөө болон түүний эхнэр эсвэл нөхөр гурван сараас дээш хугацаанд хүнд өвчний улмаас эмчлүүлж байгаа бол зургаа хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нэг удаа олгоно гэжээ.

Багшийн хүүхдийг цэцэрлэгт тэргүүн ээлжинд хамруулах асуудлыг хуульчлах нь зүйтэй гэж үзжээ. Мөн шавь нар нь сурлагын тодорхой амжилт үзүүлж, заах арга барил, өөрийгөө хөгжүүлэх идэвх өндөр байвал багшийн мэргэжлийн зэргийг хугацаанаас нь өмнө ахиулах боломжтой.

Ажлаа сайн хийсэн багшид урамшуулал олгоно.

Ажилласан таван жил тутамд нь зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгоно гэж заасан нь нийгмийн хамгааллын томоохон дэмжлэг бөгөөд ар гэртэй санаа зовохгүй ажлаа хийх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд жилд нэг удаа үнэгүй хамрагдах, гурав сар хүртэлх хугацаанд цалинтай бүтээлийн чөлөө олгох зэрэг нэмэлт урамшууллыг ч энэ хуулийн төсөлд багтаасан нь багш нарын талархлыг хүлээж байна. 

Харин өөрийн хүлээсэн үүргээ ухамсарлаж, ёс зүйн болон сахилга хариуцлагын зөрчил гаргасан багшид сануулга өгөх, ажлын үр дүнгээс хамаарсан урамшууллыг хасах, удаа дараа зөрчил үйлдсэн багшийн багшлах эрхийг хасч, ажлын байрнаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах тухай хуульчлахаа ч мартсангүй.