Жавхлан.Б 2017.07.06 | Сайт: Vip76.mn

Б.Жавхлан: Шигшээ баггүй спортыг төр дэмжих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Жавхлан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.06/ Биеийн тамир, спортын тухай шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан хуулийн төслийг дэмжиж үг хэлээд тодорхой санал дэвшүүллээ. 

Уг хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байна. Гэхдээ маш тодорхой нэг санал байна. Уг хуулийн төсөл батлагдахтай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Хөнгөлөлт үзүүлэхдээ спортын төрлүүдээ ганцаарчилсан болон багийн гэж ялгалгүйгээр 10 сая төгрөгийн босго тавьжээ. Ингэж болохгүй.

10 сая төгрөг гэдэг бол багийн спортод хангалттай дэмжлэг болж чадахгүй. Түүнчлэн багийн спортыг дотор нь албан ёсны шигшээ багтай, шигшээ баггүй гэж хоёр хуваах хэрэгтэй гэж үзэж байна. Багийн спортын төрөлд шигшээ баггүй хэд хэдэн спорт бий.

Шигшээ багийн спорт нь шигшээ баггүй спортоосоо хавгүй илүү амжилт үзүүлж байна. Манай хоккейн баг гурван ч том тэмцээнд оролцсоноос хоёр медаль хүртлээ. Сүүлийн хэдэн жил тогтмол амжилт үзүүлж байна. Гэтэл улсын шигшээ баггүй. Төрөөс, төсвөөс ямар ч дэмжлэг байхгүй. Энэ спортод дуртай хувь хүн, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр л явж байна.

Шигшээ баггүй спортын төрлүүдийг дэмжихээ орхигдуулж болохгүй. Тиймээс Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулах өөрчлөлт оруулах асуудлыг дахин УИХ-аар хэлэлцэж, шигшээ баггүй спортыг төрлийг дэмжих талаар зохицуулалт оруулахгүй юм бол эдгээр спорт цаашид хөгжих боломжгүй болно. Энэ талаар салбарын яам ямар бодлого барьж байна? 

Ажлын хэсэг: Багийн спортыг дэмжих ёстой гэдэгтэй салбарын яам санал нэг байгаа. 10 сая төгрөгийн босгыг Сангийн яамны саналаар хуулийн төсөлд тусгаж өгсөн. Гэхдээ уг хуулийн төслийн Засгийн газрын эрх дотор үндэсний болон багийн спортыг дэмжих хөтөлбөр батлах тухай оруулсан юм. Уг хөтөлбөрийг баталсны дараа энэ хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой гэж бодож байна. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn