Ч.Улаан 2017.07.06 | Сайт: Vip76.mn

Ч.Улаан: Тусгай олимпийн тамирчдад дэмжих тухай тусгагдаагүй байна

УИХ-ын гишүүн Ч.Улаан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.06/ Биеийн тамир, спортын тухай шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан хуулийн төслийг дэмжих боломжгүй гэв. 

Биеийн тамир, спортын хуулийг сайжруулах нь зүйтэй. Гэхдээ уг шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан зарим нэг асуудалтай санал нийлэхгүй, тодруулмаар зүйл байна. Уг хуулийн төсөл баталлаа гээд 350-400 орон тоо нэмэхээр байна. Энэ нь өнөөдрийн нөхцөл байдалтай хэр нийцэж байна уу?

Хуулиар орон тоо нэмдэг хандлагыг хэвээр хадгалсаар байх уу? Энэ тал дээр Засгийн газар ямар байр суурьтай байна?

Хүн төрөлхтөн дөрвөн олимптой гэж бахархаж ярьдаг. Энэ бүхний уламжлал болгон хадгалахыг хичээдэг, хичээсээр ирсэн. Мэдээж олимп, параолимпийн наадам бол амжилтын төлөө өрсөлдөөн байх. Нөгөө хоёр олимп бол хүмүүнлэг талын олимп юм. Харамсалтай энэ хоёр олимпийн талаар энэ хуулийн төсөлд нэг ч үг, өгүүлбэр алга. Энэ асуудлыг төр анхаарлынхаа гадна орхиж байгаа юм байна гэж ойлголоо.

Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын талаар гэсэн хэсэг оруулж, гурван заалт тусгасан байна. Энэ бол хангалттай биш.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие бялдрыг хөгжүүлэх, тэднийг спортоор хичээлүүлэхийн тулд мэргэжлийн байгууллага анхаарч ажиллах ёстой байх. Тиймээс уг хуулийн төслийг дэмжихгүй.

Ажлын хэсэг: Сум бүр орон тооны арга зүйчтэй байхаар хуулийн төсөлд тусгасан. Гэхдээ энэ заалт 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих учраас эдийн засгийн нөхцөл байдал, ОУВС-тай тохирсон зүйлд нөлөөхгүй гэж бодож байна.

Суманд биеийн тамирыг хариуцсан мэргэжилтэн байхгүй учраас нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ орон тоог бий болгох нь зүйтэй гэж үзсэн. Уг хуулийн төсөлд олимп, параолимпийн талаар тусгасан нь олон улсын хэмжээний наадам учраас оруулсан.

Тусгай олимпийн тухайд эрх авдаггүй учраас тусгайлан заалт оруулаагүй. Засгийн газрын зүгээс тусгай олимпт оролцогчдод мөнгөн дэмжлэг үзүүлж ирсэн. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn