Энхболд.Н 2017.07.06 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийн хуулийн төслийг дэмжлээ

Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийн хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.07.06) хуралдаан 10 цаг  04 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гадаадын зочдыг хүлээн авч уулзах албан ажилтай байсан тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалан хуралдуулав.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд МонголУлсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Уг хуулийн төслийг Засгийн газраас өчигдөр өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засгийн хүндрэлийн үед нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэгджээ. Хөтөлбөр нь Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын нэг хэсэг юм.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэй болгох, зорилтот бүлэг рүү чиглүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн өрхийн нэгдсэн мэдээллийн баазыг шинэчлэх зэрэг нийт 18 бодлогын арга хэмжээг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.Хөтөлбөрийн хүрээнд гарсан бодлогын арга хэмжээг голлон Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцан хэрэгжүүлэх бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Үндэсний статистикийн хороо нэг, нэг арга хэмжээг хариуцаж хэрэгжүүлэх аж.

Уг хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкнны 150 сая ам.долларын энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.  

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.