Сарангэрэл.Д 2017.07.06 | Сайт: Vip76.mn

Д.Сарангэрэл: Даваа наймаалцах бол авлига

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.06/ Биеийн тамир, спортын тухай шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл асуудал хөндлөө. 

Биеийн тамир, спортын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд давуу тал нэлээд байна. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулаагүй үндэсний спортын харилцааг зохицуулахаар байна. Спортын холбоод, тэдний үйл ажиллагааг дэмжих зохицуулалт оруулсан нь дэмжүүштэй юм. Гэхдээ 300-400 хүний орон тоо нэмэх асуудлыг ажлын хэсэг, Засгийн газар анхаарах ёстой. 186 мянган төрийн албан хаагч байгаа учраас орон тоо нэмэх эсэхээ дахин нягтлах хэрэгтэй гэж бодож байна.

Үндэсний баяр наадам болох гэж байна. Эрийн гурван наадам болно. Энэ бол бидний бахархал. Яг энэ баяр наадмын босгон дээр уг хуулийн төслийг батлах гэж байгаа, энэ хуульд үндэсний спорттой холбоотой зүйл заалт тусгагдсан учраас хэлэх зүйл байна.

Ялангуяа, УИХ-ын гишүүн А.Сүхбатын хэлдгээр суманд 5 сая, аймагт 50 сая, улсын наадамд 500 сая гээд үндэсний бөхийн “гал тогоо”-нд дархан аварга байсан хүн мэдээд хэлж байна. Тиймээс бид хууль бус ажиллагаа явуулж байгааг мэдсээр байж арга хэмжээ авдаггүй. Арай дэндэж байна. Уг хуулийн төсөлд бүхэл бүтэн авлигын асуудал яригдаж байхад энэ бол даваа наймаалцах төдий гэж тайлбарлаад өнгөрөх гэж байна. Энэ бол Авлигын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой асуудал гэж бодож байна. Тиймээс үүнийг хууль санаачлагч, ажлын хэсгийнхэн эргэж харах ёстой. 5 сая, 50 сая, 500 сая чинь авлига биш гэж үү? Ард түмнээ басамжилж буй хэрэг биш гэж үү? Даваа наймаалцах гэдгийг авлига гэж ойлгон Авлигын хуультай уяж өгөх шаардлагатай.

Дараагийн асуудал бол амжилт гаргаж буй мэргэжлийн холбоод, багийн спортыг дэмжье. Үүнд хуулиар давуу байдал үүсгэе гэж байгаатай санал нэг байна. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn