Саранчимэг.Б 2017.07.06 | Сайт: Vip76.mn

Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчиллээ

Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчиллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.06/ Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 83,3 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа. 

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Улаан нарын гишүүд үг хэлж, байнгын хорооны зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураасны эцэст ийнхүү батлагдсан. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд багийн спортыг тэр дундаа шигшээ баггүй ч амжилт гаргаж буй спортын төрлийг дэмжих ёстой гэж үзэж байсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэх, тусгай олимпийн тамирчдыг дэмжин урамшуулах нь зүйтэй гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн тухайд хуулийн төсөлд үндэсний спортын талаар тусгасан нь сайшаалтай ч даваа наймаалцах тухай асуудал байж болохгүй, үүнийг Авлигын эсрэг хуульд тусгах нь зүйтэй гэлээ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ биеийн тамир, спортыг 20-25 жилийн дотор хэрхэн хөгжүүлэх ерөнхий дүр зургаа тодорхойлж, түүндээ үндэслэн тэргүүн ээлжинд ямар чиглэлээр уг салбарыг хөгжүүлэх ёстойгоо тогтох нь зөв гэж үзэж байлаа. 

Хуулийн төсөлд сум бүрт орон тооны арга зүйч ажиллуулах тухай тусгасан бөгөөд ингэснээр 300-400 орон тоо шинээр нэмэгдэх юм. Үүнийг УИХ-ын гишүүд сайшаасангүй. Эргэж харах хэрэгтэй гэв. 

Энэ бүхний эцэст анх 2003 онд батлагдаж байсан хууль 14 жилийн дараа шинэчлэгдэн батлагдлаа. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn