Д.Сарангэрэл 2017.07.06 | Сайт: Vip76.mn

Д.Сарангэрэл: Энэ Засгийн газар багш, эмчид онцгойлон анхаарна гэж шийдсэн

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.06/ Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл 

Хүүхдийн мөнгө, Багшийн хөгжлийн тухай хуулийн төслүүд бол улстөржүүлэх асуудал биш. Тэгсэн атлаа улстөржсөн агуулга харагдаад байна. Яг үнэндээ 11 000 багшийн нийгмийн асуудлыг дордуулах хуулийн төсөл оруулж ирлээ гэж УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж үзэж, байр сууриа илэрхийлж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр ч тэр эмч, багшийг онцгойлон анхаарах, цалин хөлсийг нь нэмэх заалт бий. 50 000 багшаас 11 000-ийнх нийгмийн асуудлыг дордуулахгүй нь ойлгомжтой. Харин ингэж ярьж байгаа та бүхэн өөрсдөө асуудлыг улстөржүүлж байна. Хүүхдийн мөнгийг ч гэсэн улстөржүүлсэн. Гэнэт яагаад хүүхдийн мөнгийг өгөх болчихов гэж.

Монгол Улс сүүлийн таван жилд анх удаа төсвийн орлогоо 500 тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ. Энэ мөнгөнөөс эхний ээлжинд хүүхдүүдээ мөнгө өгөх тухай шийдвэрийг УИХ, Засгийн газар гаргах ёстой шүү дээ. Энэ бол ямар ч улстөржсөн асуудал биш гэж бодож байна.

Багш, эмч, хүүхдийн асуудалд улстөржүүлэхгүй байя гэсэн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын уриалгыг дэмжиж байна. Үүнээс гадна бид Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг баталчихаагүй байна. Өнөөдөр зөвхөн хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэж байна. Яг одоо хэлэлцэх үү, эсвэл хэлэлцэх үү гэдгээ ярьж байна.

Салбарын хуулиар бус төсвийн хуулиар зохицуулах зарим заалт Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлд оржээ. Үүнийг засч залруулах ёстой гэдгийг хууль санаачлагч, Засгийн газар анхаарах ёстой. Дахин хэлэхэд, асуудлыг улстөржүүлэхгүй байя гэчихээд улстөржүүлээд байгаагаа болих хэрэгтэй. Асуудалд бодитой хандъя гэж байгаа бол хэлсэндээ хүр. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn