Болд.Л Энхболд.Н 2017.07.06

Л.Болд: Хэлэлцэж амжаагүй төслүүд ирэх чуулганаар хэлэлцэх асуудал уруу автоматаар шилжиж ёстой

УИХ-ын 2017 оны хаврын нэгдсэн чуулган өнөөдөр хаалтаа хийж байгаа билээ. Хаалтаа хийж буй нэгдсэн чуулган ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлынхаа жагсаалтыг өнөөдөр баталлаа. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Л.Болд гишүүн өөрийнхөө санаачилсан 3 хуулийн төслийг ирэх чуулганаар хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Болд

Өмнөх чуулганаар нилээд олон хуулиуд хэлэлцээр орж ирсэн. Энэ чуулганаар хэлэлцэж амжаагүй учраас дараагийн чуулганы хэлэлцэх асуудал уруу автоматаар шилжиж таарна. Тэдгээр хуулийн төслүүдээ өнөөдөр "босгохгүй", богино жагсаалт гаргасан байна. Энэ хуулиудыг ирэх намрын чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалтад оруулж болохгүй юу? гэж байнгын хорооноос асуумаар байна.

Яагаад гэвэл тэдгээр хуулиуд дотор олон нийтийн хүлээж байгаа, бидний нилээд ажиллаж боловсруулсан хуулиуд байгаа. Хэлэлцэх асуудлын жагсаалтад байна гэдэг нь өөрөө уг хуулийн төсөл олон түмэн, мэргэжилтнүүдийн анхааралд өртөж, хэлэлцүүлгүүд зохин байгуулагдах гэх зэрэг хуулийн төслийг тойрсон ажлууд явагдаж байдаг ач холбогдолтой.

Тэгэхгүйгээр бол төрийн түвшинд хэлэлцэхгүй, тодорхойгүй байдалтай хасагдаж байгаа мэт нөхцөл байдал үүсээд байна. Миний хувьд өмнө чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалт орсон байсан гурван хуулиа яриад байгаа юм л даа. Гэр хорооллын хөгжлийн тухай хууль,  иргэдэд газар өмчлүүлэх тухай хууль, шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай гээд хуулийн төслүүдээ хэлэлцүүлмээр байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хариуллаа. 

"Өмнө нь хэлэлцэх асуудлыг жагсаалтад орчихсон, хэлэлцэж амжаагүй хуулиудыг энэ жагсаалтад оруулаагүй юмаа. Тухайн тухайн байнгын хороодын хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаа гэж ойлгож байгаа. Тухайлбал таны хэлсэн шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл манай байнгын хорооны дараагийн чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлын   байгаа. Ер нь энэ зарчмаар явж ирсэн."