Баттулга.Х 2017.07.09 | Сайт: Vip76.mn

114 мянга гаруй сонгогчийн саналаар илүүрхсэн Х.Баттулга Ерөнхийлөгч боллоо

Өнөөдөр өглөө Сонгуулийн Ерөнхий хороо Монгол Улсын 2017 оны анхан шатны сонгуулийн дахин санал хураалтын дүнг эцсийн байдлаар нэгтгэн танилцууллаа. 

Дахин санал хураалтын сонгогчдын нэрсийн жагсаалтад 1 990 797 хүн бүртгүүлснээс 1 207 787 хүн саналаа өгсөн нь 60,67 хувь нь болж байна.

Нийт 1 207 787 хүн санал өгснөөс АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад 611226 хүн саналаа өгч, нийт саналаа өгсөн сонгогчдын 50,61 хувийн саналыг авч, 50 хувь+1 болзлыг хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Түүний өрсөлдөгч МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 497067 хүн саналаа өгсөн нь нийт саналаа өгсөн сонгогчдын 41,16 хувь болж, ялагдал хүлээлээ. Тэрээр сонгуулийн үр дүнг хүндэтгэж байгаагаа илэхийрхийлсэн. 

Өөрөөр хэлбэл 114159 саналаар илүүрхэж, эрх баригч биш сөрөг хүчний төлөөлөл Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч боллоо. 

Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрч, батламжлахыг хүссэн тогтоолыг СЕХ УИХ-д өргөн мэдүүлэх юм. 

Халтмаагийн Баттулга нь 1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. 2004-2012 онд гурван жил дараалан УИХ-ын гишүүнээр сонгогдож, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

- 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн.

- 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.

- 1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин

- 1982 - 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач

- 1990 - 2004 онд "Женко" ХХК-ийн ерөнхий захирал

- 1997 - 2004 онд "Баянгол зочид буудал" ХК-ийн гүйцэтгэх захирал

- 1999 - 2004 онд "Мах Импекс" ХК-ийн гүйцэтгэх захирал

- 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

- 2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд

- 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

- 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

- 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn