Л.Оюун-Эрдэнэ: Хуучин, шинэ Ерөнхийлөгчид 30 хоног хамтран ажиллаж, төрийн хар хайрцагны бодлогоо уламжлуулах ёстой
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2017.07.10

Л.Оюун-Эрдэнэ: Хуучин, шинэ Ерөнхийлөгчид 30 хоног хамтран ажиллаж, төрийн хар хайрцагны бодлогоо уламжлуулах ёстой

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар /2017.07.10/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ санал хэллээ.

 

Л.Оюун-Эрдэнэ: Сонгуулийн дараа хуучин хүн явж, шинэ хүн ирж байгаа болохоор олон зүйл нуршаад яахав гэсээр өнөөдрийг хүртэл сонгуулийн үр дүнд академик маягийн дүгнэлт хийлгүй иржээ. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нарийвчилсан дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулж ирэх хэрэгтэй.

Намуудын санхүүжилтийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй болжээ. Энэ байдлаараа цаашид явахгүй болсон байна. Ингэж сонгууль хийнэ гэж байхгүй шүү дээ.

Дараалсан олон сонгууль болдгийг анхаарах хэрэгтэй болжээ. Эдгээр сонгуулиас болж далд эдийн засаг гаарч, үүний хор уршгийг Монгол Улс даахаа болилоо. Анхан шатны хоёр удаагийн санал хураалт боллоо. Наадам болж байна гэж бодоод энэ удаагийн сонгууль ингээд өнгөрлөө гэж бодъё. Гэхдээ дараагийн сонгуулийг мөн маягаар явуулбал бид энд гаргасан алдаагаа дахин давтах болно.

Монгол Улсын төр бол туршилтын талбар биш.

Тиймээс Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн та сонгуулийн явц, үр дүнд хийсэн дүгнэлтээ манай байнгын хороонд хүргүүлж, энэ асуудлыг нухацтай авч үзсэний үндсэн дээр нэг тийш нь болгож цэгцлэх хэрэгтэй байна.

Сонгуулийн автоматжуулсан төхөөрөмжид дэвшил гарчээ. Өөр нэг асуудал бол хуучин, шинэ Ерөнхийлөгчид тамга солилцохын өмнө хамгийн багадаа хамтран 30 хоног ажилладаг байхыг Төрийн байгуулалтын байнгын хороо санаачлан, хуульчлах хэрэгтэй байна. Мэдээж баяр наадмын өмнө шинэ Ерөнхийлөгчтэй болох нь зөв. Энэ бол зүй ёсны хэрэг.

Гэхдээ энэ хүн бол төрийн тэргүүн. Төрийн хар хайрцагны бодлого гэдэг бол харилцан туршлага солилцох явдал юм. Бусад улс оронд ч ийм жишиг үйлчилдэг. Ингэж байж хоёр хөрштэй харьцах харилцаа, хуучин Ерөнхийлөгчийн бодлогын залгамж, алдаа оноо зэргийг харилцан солилцохын тулд хуулийн хүрээнд хамгийн багадаа 30 хоног хамт ажилладаг байх ёстой. Ингэхгүйгээр нэг, хоёр хоногийн дотор тамгаа солилцож, шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгждэг өнөөгийн байдлаар цааш явах юм бол жижиг Монгол Улс засаглалын хувьд ч тэр, төрийн байгуулалтын хувьд ч тэр, төрийн тогтвортой байдал, бодлогын залгамжийн хувьд ч тэр алдаа гарч магадгүй юм.

Алдаа гарлаа гэхэд түүнийг аливаа улс төрийн хүчин өөрсдөө бурууг хайж, асуух хэрэгтэй. Өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Тэрнээс биш үүнийг сонгогчдын боловсролтой холбон тайлбарлах гэсний хэрэггүй. Сонгуулийн “хөөс” буусны дараа “хөөс”-гүй дүгнэлт хийх ёстой. Олон том асуудлыг агуулгын хэмжээнд авч үзэх шаардлагатай байна. Үүнийг протокольд тэмдэглүүлэхийг хүсч байна.