УИХ-ын гишүүн Г.Занданшатар
2017.07.10

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийг сонгох гурав дахь хувилбар хэрэгждэггүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар /2017.07.10/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Г.Занданшатар асуулт асууж, үг хэллээ. 

Г.Занданшатар: Үндсэн хуулийн 38,1 дэх хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай гэж заасан. Тухайн үеийн Ардын их хурлын протокольд тэмдэглэснээр бол, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох уу, ард түмнээс сонгох уу гэсэн хоёр хувилбарын хосолмол гэж Ардын багш, гавьяат хуульч Б.Чимид, депутатын хэлсэн үг бий.

Энэ дагуу хууль гаргахдаа Финлянд загвар гэж ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг парламентын чуулганаар авч хэлэлцэн, Сонгуулийн хууль зөрчсөн эсэхийг харгалзан үзэж баталдаг. Энэ нь Ерөнхийлөгчийг сонгох гурав дахь хувилбар гэж үздэг. Гэтэл энэ хувилбар өмнөх бүх Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэрэгжээгүй байдаг.

Үүнтэй холбоотойгоор засаглалын тэнцвэрийг хадгалах зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай үүднээс Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах тухай ярьж байсан. Энэ санал асуулгыг явуулах боломж хэр байна?

Хоёрт, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дүгнэлтээ гаргасан. Дотоод, гадаадын байгууллагын ажиглалтын дүгнэлтээр бол хууль эрх зүйн тодорхойгүй орчинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Энэ ямар утга агуулгатай дүгнэлт юм бэ?

Сонгуулийн тухай хуулийн орчин үнэхээр тодорхойгүй гэж үү? Хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудлууд байсан уу?

Ч.Содномцэрэн: СЕХ-ны эрх хэмжээ хязгаарлагдмал байна гэж дүгнэсэн

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга 

Монгол Улсын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай байна” гээд нэг дэх үе шатны талаар маш тодорхой заалтууд байдаг. Хоёр үе шатны талаар огт дурдаагүй. Энэ талаар гадаадын ажиглагчид асууж байсан. Хоёр дахь үе шатны талаар Сонгуулийн тухай хуульдаа зааж өгсөн үү гэдгийг лавлаж байсан юм. Тэдний асуултад Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат нь УИХ-аас хууль гаргаснаар болдог гэж хариулсан. Үүнийг сонсоод арай өөр зарчмаар явах ёстой гэж байсан.

Сонгуулийн Ерөнхий хорооны зүгээс хэдэн жилийн өмнө УИХ-д Үндсэн хуульд заасан сонгуультай холбоотой заалтуудыг тодорхой болгож өгөөч гэсэн хүсэлт хүргүүлж байсан. Сонгуулийн тухай хуульд тодорхой бус, зөрчил дутагдалтай зүйл олон байна. Ялангуяа нэр дэвшигч үнэмлэхээ авснаас хойш 10-аад хоногийн хугацаанд сурталчилгаагаа эхэлдэггүй. Энэ талаар гадаадын ажиглагчид “Яагаад үнэмлэхээ гардан авсан даруйдаа сурталчилгаагаа эхлүүлж болдоггүй юм бэ” гэж асууж байсан.

Сонгуулийн Ерөнхий хорооны эрх хэмжээ хязгаарлагдмал байна гэж дүгнэсэн. Буруутай этгээдэд Хороо хариуцлага тооцох ямар ч боломж алга. Хороонд ирсэн гомдлыг цагдаад шилжүүлдэг. Цагдаа нь шүүхэд шилжүүлдэг. Хороо шууд арга хэмжээ авч чаддаггүй, шүүхийн процесс нь уддаг гэж шүүмжилж байсан. Энэ мэтчилэн хэд хэдэн зүйлийг лавлаж, шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд сонгуультай холбоотой зөвлөмж хүргүүлнэ гэдгээ хэлсэн. Үүний дараа бид дүгнэлтээ нэгтгэн байнгын хороонд уламжлах болно.

Гадаадын ажиглагчдаас эхний тайлан ирсэн. Европын парламентын гишүүд, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ассамблейн гишүүд, тус байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн алба зэрэг байгууллагаас тайлан ирээд байна. Эдгээр тайланд дурдсанаар, ажиглалт хийсэн сонгуулийн хэсгийн хороодод зохион байгуулалт сайн байсан, ялангуяа сонгуулийн автоматжуулсан системийг сайн хэрэгжүүлж байна, дүн мэдээгээ олон нийтэд шуурхай дамжууллаа гэсэн байна.

Нөхөн санал хураалтыг ард нийтийн санал асуулгатай хамт явуулахаар баяр наадмын дараа бэлтгэл ажилдаа орно. Гэхдээ нэг зүйл асуудал болоод байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 20,1 дэх хэсэгт “Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн ням гараг болон аравдугаар сарын эхний долоо хоногийн ням гараг байхаар улс орон даяар нэгдсэн журмаар явагдана” гэж заасан байдаг. Тиймээс ард нийтийн санал асуулгын хугацааг уг хуулийн хугацаанд нийцүүлэн товловол Сонгуулийн Ерөнхий хороо үүнд нийцүүлэн ажлаа зохион байгуулах болно.