Тэрбишдагва.Д 2017.07.10 | Сайт: Vip76.mn

Д.Тэрбишдагва: Тангараг өргөхдөө хэлсэн үг болгоноо хэрэгжүүлээрэй

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үг хэлсэн юм. 

Д.Тэрбишдагва: Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ 96,5 хувийн саналаар хүлээн зөвшөөрлөө. Одоо тангараг өргөнө. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө хэлсэн үгийг үг бүрчлэн цээжлээрэй гэж хэлмээр байна.

Өргөсөн тангаргийн дотор Монгол Улсын үндэсний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хувь хүний хариуцлагын талаар асар гүнзгий агуулгатай үг, үсэг бий шүү.

Төрийн тэргүүн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болдог. Тиймээс өргөсөн тангарагтаа үнэнч байгаарай.

1 990 777 хүнээс 32,8 хувийн саналаар Ерөнхийлөгч тодорлоо гэсэн үг. Энэ ч утгаараа Монголын ард түмэн Ерөнхийлөгчөө хэрхэн сонгов гэдгийг бодохгүй юм бол 32,8 хувь нь Монголчууд, бусад нь гадны хүн мэтээр ярьж Монгол Улсыг талцуулж болохгүй шүү.

Монгол Улсын түүхэнд хоёр тал болон талцаж байхдаа бутарч, тарж байсан. Тиймээс өргөсөн тангаргийнхаа үг болгоныг санаж, урд ярьж байсан янз бүрийн яриаг таслан зогсоох хэрэгтэй.

Өнөөдөр УИХ их өгөөмөр байдлаар олон зүйл нуршилгүйгээр шинэ төрийн тэргүүнээр наадмаа нээлгэе, баяр наадмын үеэр муудалцаад яахав гэж байна л даа. Нэг талаасаа зөв. Нөгөө талаасаа УИХ-ын 97 орчим хувийн итгэл найдварыг, Монголын ард түмний төлөөлөл болсон 32,8 хувийн сонгогчоор Ерөнхийлөгч болж буй Ерөнхийлөгч онцгой анхаарах хэрэгтэй.

Хамгийн сайн хүн гэж сонгосон хүн ийм хүн байсан юм уу гэж бодогдохоор сонгууль болж өнгөрлөө. Ард түмэн ёс суртахуунтай болсон байна. М.Зэнээ “Өгсөн юмыг нь аваад байгаарай. Өөрсдөө саналаа өгөөрэй” гэж хэлсэн байдаг. Мөнгө төгрөгөөр бялуурдаг, хүний үзэл бодлыг 10, 20, 50 мянган төгрөгөөр худалдаж авна гэж байхгүй.

Монголчууд үзэл бодлоо 50 мянган төгрөгөөр худалддаг ёс суртахуунгүй ард түмэн биш шүү. Энэ бүхнийг цаашид онцгой анхаарахгүй юм бол ард түмнээ доромжилсон, худал мэдээлэл цацсан, харилцан бие биенээ гүжирдэж гүтгэсэн байдалтай сонгууль боллоо.

Ард түмний оюун санааг бузартуулахыг оролдож байна.

Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө хүн бүр тэмцэх хэрэгтэй. УИХ-ын 76 гишүүн, тангаргаа өргөх шинэ Ерөнхийлөгч, Монгол Улсын иргэн бүр Монгол Улсын язгуур эрх ашгийг хүндэтгэн дээдлэх ёстой.

Монгол Улсын иргэнийг яс үндэс, угсаа гарлаар ялгаварлан гадуурхаж, доромжлохын оронд Монгол хүн бүр бүтээгч байх ёстой, хүн бүр улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө байх ёстой. Ерөнхийлөгч тангараг өргөхдөө хэлсэн үг болгоноо хэрэгжүүлээрэй. Энэ үг болгоноо дагуу шахаж шаардаж ажиллах болно. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn