Бямбаа.Т 2017.07.18 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

БНХАУ-ын Петрочайна Лиаохе Петрохемикал компаний үйл ажиллагаатай танилцлаа

БНХАУ-ын Петрочайна Лиаохе Петрохемикал компаний үйл ажиллагаатай танилцлаа

Монголын авто замчдын холбоо, Петрочайна Лиаохе Петрохемикал компани, “Эн Ди Ти Кэй” ХХК- тай хамтран “SBS” сайжруулсан битум, битумын үйлдвэр барих төсөл танилцуулах, хамтран ажиллах талаар танилцуулах эрдэм шинжилгээний чуулга уулзалтыг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн хурлын зааланд амжилттай зохион байгуулсан билээ.  

Чуулга уулзалтын  үеэр авто замын салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Петрочайна Лиаохе Петрохемикал компанийн дэд захирал Ту Гүй Лүн, Эн Ди Ти Кэй ХХК-ийн ерөнхий захирал Жан Сүй Дэ нар гарын үсэг зурсан.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохиромжтой битумын судалгааг хамтран хийх зорилгоор 2017 оны 05 дугаар сард Петрочайна Лиаохе Петрохемикал компанийн лабораторийн инженерүүд Зам, тээврийн хөгжлийн төвийн туршилт шинжилгээний итгэмжилсэн лабораторид Орос, Хятад улсад үйлдвэрлэсэн БНД 90/130,AH110  маркын битум болон Хятад улсад үйлдвэрлэсэн I-В маркын SBS сайжруулсан битумын хамтарсан туршилт  судалгааны ажил хийгдсэн.

2017 оны 6 сарын 21-24-ний өдрүүдэд Монголын авто замчдын холбоо, Зам,тээврийн хөгжлийн төвийн төлөөлөлгчид БНХАУ-ын   Петрочайна Лиаохе Петрохемикал компаний үйл ажиллагаатай  танилцан , тус үйлдвэрийн лабораторид  битумын туршилт шинжилгээг хамтран хийлээ.  Мөн энэ үеэр Петрочайна Лиаохе Петрохемикал компанийн дэд захирал Ту Гүй Лүн  манай төлөөлөлгчдийг хүлээн авч уулзан  хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар санал солилцон,  2 талын инженер техникийн ажилтнууд Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон битумын туршилт, шинжилгээ, судалгааг тус  үйлдвэрийн лабораторид хамтран хийх гэж байгаад талархан амжилт хүслээ.Манай  төлөөлөгчидөд  компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар болон битумын үйлдвэр, лаборатори, удирдлагын төвийн үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд мөн энэ өдрүүдэд МУ-ын зөвлөх инженер Л.Пүрэвсүрэн, ЗТХТ-ийн Зам, барилгын итгэмжлэгдсэн төв лабораторийн судалгааны ажилтан мэргэшсэн инженер Б.Ичинхорлоо, инженер Д.Цэдэнбалжир нар битумын туршилт, шинжилгээ, судалгааг тус  үйлдвэрийн лабораторид хамтран хийлээ . Бидэнтэй хамт Өвөр Монголын их сургуулийн доктор, профессор Мөнгөнцэцэг энэхүү арга хэмжээнд оролцсон бөгөөд битумын чиглэлээр дагнан  10 жил судалгааны ажил хийж байгаа юм байна.

Петрочайна Лиаохе Петрохемикал ТӨХКомпани нь  Ляонин мужийн Панжин хотод байрлах бөгөөд 1970 онд байгуулагдсан. Жилд 10 сая тонн газрын тос олборлох  хүчин чадалтай бөгөөд шатах тослох материал, битум, LPG, полипропилен, нефтийн кокс, үнэрт устөрөгч зэрэг 100 гаруй төрлийн өндөр чанарын нефтийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Тус компани нь ISO9001, OHSAS18001, ISO14001 олон улсын стандартуудыг нэвтрүүлсэн. Мөн олон жилийн турш битум үйлдвэрлэлээр Хятадад дээд амжилт тогтоосон бөгөөд одоо жилд 2 сая тонн битум үйлдвэрлэдэг , борлуулалт нь 1,5 сая тонн. Монгол улсад 23000 тн битум борлуулсан байна. Тус компанийн үйлдвэрлэсэн битумыг хурдны зам, нисэх онгоцны хөөрч буух талбай, машин үйлдвэрлэл, УЦС болон  усан доорхи бүтээн байгуулалтанд  ашиглаж байна.

Бид буцах замдаа Хөх хотод  доктор Инь Хуа багшийн урилгаар Өвөр Монголын их сургуулийн Зам харилцааны их сургуульд зочлон очлоо. Биднийг тус сургуулийн дэд захирал Wu Jun, авто замын тэнхимийн  захирал  Zhang Wanxiang,   Dr. Maндал,  Dr. Мөнгөнцэцэг  нар хүлээн  авч сургуультайгаа танилцуулан сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон. Уулзалтанд тус сургуульд авто зам, гүүрийн барилгын инженерийн мэргэжлээр суралцаж байгаа Монгол оюутнууд оролцлоо. Авто замын мэргэжлээр нийт 12 оюутан суралцаж байна.Бид тус сургуулийн дадлагын танхим, лабораториуд болон гүүрийн судалгааны төвтэй танилцан, сургуулийн түүхийн музейг үзэж сонирхлоо.  

Бидний хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн уулзалт, туршилт, шинжилгээний ажлыг амжилттай зохион байгуулсан "Эн Ди Ти Кэй" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.