Болд.Л Энхболд.М Сумъяабазар.Д 2017.07.19 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцлаа

Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тадамори Оошима өнөөдөр (2017.07.19) Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцав.

Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошимаг дагалдан тус танхимын гишүүн Хиромичи Күмада, Кэнтаро Мотомүра, Тоорү Күнишигэ, манай талаас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Л.Болд, Ц.Гарамжав, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.

Олон улсын нисэх буудлыг барьж байгуулсан гүйцэтгэгч компанийн төслийн менежер Яасүши Кацүражима нисэх буудлын бүтээн байгуулалтын явц, бүтэц, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулгыг энэ үеэр хийсэн юм.

Дараа нь ноён Тадамори Оошима бүтээн байгуулалттай холбоотой асуулт тавьсан юм. Тухайлбал, шинэ нисэх онгоцны буудал хэзээ ашиглалтад орох, цаашдаа нисэх онгоцны буудлыг өргөтгөх боломжтой эсэх, шинэ нисэх онгоцны буудлыг дагасан хурдны зам хэдийд баригдаж дуусах вэ гэсэн асуултуудыг тавьж, хариулт авлаа.

Түүний асуусан асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хариулахдаа, Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудал 2018 оны наймдугаар сард ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулах төлөвтэй байгаа. Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор цаашид өргөтгөл хийх боломжтой. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдах хурдны зам бидний хүсэн хүлээж байгаа шинэ нисэх буудлыг нээхтэй зэрэгцэн ашиглалтад оруулна гэв.

Ийнхүү Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцсанаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима айлчлалаа өндөрлүүлж, эх орондоо буцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.