“Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн Удирдах зөвлөлийн хурал болов
2017.07.27

“Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн Удирдах зөвлөлийн хурал болов

Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр (2017.07.26) болов.

Хуралд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Төслийн Удирдах зөвлөлийн дарга Н.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Ц.Цолмон, УИХ-ын гишүүн, УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Б.Жавхлан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкман, Швейцарийн Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны газрын захирал Габриелла Спирли болон албаны бусад хүмүүс оролцов.

Хурлыг нээж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд үг хэлж, хурлын хөтөлбөрийг танилцуулсан юм. Хурлаар төслийн 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, төслийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн 2017 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлыг танилцуулсан юм.

Сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх байнгын механизмтай болох зорилтын хүрээнд Удирдлагын академитай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, цаашид Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтын хөтөлбөрт хамруулахаар болсон талаар тэрбээр танилцуулсан. Мөн ИТХ-ын нэгдсэн цахим хуудас www.khural.mn–ийг цаашид Засгийн газрын Хэрэг эрхлэх  газар хариуцан ажиллахаар болжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа учир энэ бол чухал ажил юм” гээд энэхүү төслөөс гарсан зөвлөмжийг гарын авлага болгох, цаашлаад бодлогын баримт бичиг болгох шаардлагатай гэлээ.

Дараа нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон төслийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулсан. Тэрбээр, “Өөрчлөлт оруулж байгаа шалтгаан нь санхүүгийн асуудалтай холбоотой юм. Тодорхой шалтгааны улмаас төслийн санхүүжилтийн зарим нэг дүн өөрчлөгдсөн байгаа. Долларын ханшны зөрүүнээс болж зарим мөнгөн дүн нэмэгдэж байгаа бол зарим арга хэмжээг нэгтгэснээр зардлаа хэмнэх боломж бүрдэж байгаа тул санал оруулж ирж байгаа юм” гэлээ.

Төслийн удирдах зөвлөлийн гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэнээр хурал өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.